БАЯНХОНГОР АЙМГИЙН ЕСӨН ГАЙХАМШИГ
1.ЦАГААН АГУЙ
 
Монгол улс, тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг гадаадын олон орны эрдэмтэд нотолсоор ирсэн. Тухайлбал: 1989 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын "Уран хайрхан", Баян-Өндөр сумын "Чихэн агуй", Богд сумын Орог нуурын эх булагийн чулуун зэвсгийн дурсгалууд, Баянлиг сумын Зоог зуухын голын хуучин, шинэ, хүрэл зэвсгийн үеийн дурсгалт газруудаас олдсон архиологийн олдвор нь одоогоос 500000 жилийн өмнө манай дэлхий дээр хүн амьдарч байсаныг нотлох үнэ цэнэтэй олдвор байдгаас гадна Баянлиг сумын нутаг Их Богдын нурууны Цагаан ууланд эртний чулуун зэвсгийн үед хүмүүс амьдарч байсан ул мөрийг агуулсан нэгэн сонирхолтой агуй бий.

Цагаан агуйн дотор тал                                                    Цагаан агуйн гадна тал 

2. БИЧИГТ ХАД

 Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галарей бий.

Бичигт хадны зурагт янгир, буга, гахай, тэмээ, ирвэс, гөрөөс, нохой, үхэр зэрэг амьтдын бүл сүргээрээ болон ганцаар тодолсон элдэв хөдөлгөөн дүрс, буга, янгир зэрэг ан авыг нум сумаар агнаж буй морьтой явган хүмүүс, тэрэгтэй морьтон, нум саадаг зэр зэвсэг агссан хуягт дуулгат эрс, үүл борооны явдал үйлдэж буй хүмүүс, ан амьтад, хүн малын үржихүйн бэлгэдэлт үйлийг дүрсэлсэн унагатай гүү, азарга гүү гишгэж байгаа, хээлтэй гүү, эхийгээ хөхөж буй бугын иил зэрэг амьтадын амьдралын олон явдал дэлгэгдэн дүрслэгдсэн байна. Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг. Энэ зургийг МЭӨ-Ш мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзэхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхлэж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг.

Түүх судлаач Н.Сэр-оджавын "Баянлигийн хадны зураг УБ 1987 он" номонд энэ тухай тэмдэглэгдсэн байна. Үүнд: /Эрдэмтэд Баянлигийн хадны зургийг ерөнхийд нь МЭӨ 1 мянган жилийн I хагас МЭ I мянган жилийн тэргүүн хагаст холбогдох болов уу гэжээ. "Баянлигийн хадан дахь ан амьтад, малыг ажиглахад тэдгээрийн зан төрхийг мэдэж болохын дээр зарим амьтныг гаршуулан мал болгосон үе цагийг тогтоох, тэдгээрийг улмаар аж ахуйдаа олон хэлбэрээр ашиглах болсныг мэдэхэд тус дөхөмийг үзүүлэх зураг сүг олон байна. Тэр байтугай эртний хүмүүсийн эрхлэн агсан аж ахуйн хэлбэр төрх, түүний өөрчлөлт хөгжилтийг ч ойлгож болох зураг байна. Хадны зурагт түрүүн үед агнуурын ажил зонхилж байсан ба хожим мал аж ахуй бий болоход тэр нь 2-р зэрэгт орсон ба зарим үед нэлээд хөгжсөн газар тариалантай байсан нь ч мэдэгдэж байна.

3. ШАТАР ЧУЛУУ

"Шатар чулуу"-ны чуулбар нь МЭӨ 4-2 мянган жилийн тэртээх хүмүүсийн оюуны соёлын үнэт өв дурсгал юм. Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс хэлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хирэгсүүрүүдээс бүрдэнэ. Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар уралсан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна. Барагцаалбал 17 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал ягаан өнгийн боржин болон гантиг чулуугаар уралсан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм. Шатар чулууны тухай түүхийн нэн сонин домог байдаг. Энэ нь Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн шатар чулууны хөшөө дурсгалыг босгосон гэж ам дамжин ярьж иржээ. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг. МЭ 450-550 жилийн үед Хүннү нар шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй Шатрын товч түүх номондоо тэмдэглэснээс үзвэл, Монгол овогтноос анх шатар үүсч хөгжсөн гэсэн дүгнэлт хийж болох юм. Зарим судлаачдыг тэмдэглэснээр энэхүү дурсгалын ойр орших Эрдэнэцогт сумын төвийн байрлаж байгаа газарт эртний хүннү гүрний үеийн хот, суурины үлдэгдэл байх магадлал өндөртэй гэж тэмдэглэжээ.(Ж.Саруулбуян "Хонгор нутгийн өв соёл" ном 31,32,33- хуудас) Шатар чулууны дэнжид 12 чулуун дарлагатай булш байна. Булшнууд нь гурав дөрвөөрөө нэг доор урдаасаа хойш цуварсан байрлалтай. Энд 17 буган чулуун хөшөө байна, Тэгш өнцөгт хэлбэртэй урдах булшны хэсэгт 4 хашлага 7 буган чулуун хөшөө байна. Булшнаас 12 м зайтай буган хөшөөний дүрсүүд нь хоёр талдаа (1-р) нэг талд нь ооль маягийн зүүлт, нөгөө талд нь чичлүүр хутга дүрсэлжээ. Булшны баруун урд талын буган хөшөөний (2-р) бугын эврийн дүрс нь л дөнгөж мэдэгдэнэ. 2-р буган чулууний хажууд (3-р) байна. Дүрс нь бүдэг. Хөшөөний өргөн дээд хэсэгт дугираг, буга, доод нарийн хэсэгт таван өнцөгт бамбай дүрсэлсэн бий. 2-р буган хөшөөний баруун хойд хэсэгт (4-р) орших буган хөшөөний дүрсний ихэнх нь арилж үгүй болсон. Зөвхөн бугын эврийг олж харж болно. 5-р буган хөшөө нь 2-р буган хөшөөний адил хэвтээ байрлалтай. Улаавтар боржингоор үйлдэгдсэн. Зураг дүр нь бүдэг. Өргөн талын дээд хэсэгт цагирагт зүүлт, буга, сүх, чичлүр хутга ганц дэгээ дүрсэлсэн байна. 6-р буган хөшөө нь булшны зүүн урд талд байрлалтай. 2-р буган хөшөөтэй адил, бүдэг зураг дүрстэй 7-р буган хөшөө нь хашлагын зүүн урд талд байна. Зөвхөн бугын эвэр төдийхөн дүрс үзэгдэнэ.

 

Шатар чулууны хиргисүүр булшны 2 дахь хэсэг нь 1 дэхь хэсгээс хойших нь бий. Энд бүтэн 6, хугархай 1 буган хөшөө байна. Хөшөөний хамгийн том нь (8-р) саарал боржингоор үйлдсэн 2 м гаруй өндөртэй 2 бүстэй, нүүрэн талдаа дугуй (нар хэлбэрт) дүрс, том том буганууд, бугын доор 2 морь дүрсэлсэн. Мөн бамбай байна. 9-р буган хөшөө нь баруун хойд хэсэгт, саарал боржингоор бүтсэн сүх, чичлүүр хутга, дугуй дүрст тэргүүтэн туйлын бүдэг үзэгдэнэ. 11-р буган хөшөө нь 10-р буган хөшөөний хажууд баруун хойд өнцөгт барзгардуу чулуугаар үйлдэгдсэн, дээд хэсэгт нь балархай, ар хэсэгт том буга хоёр морь дүрсэлсэн нь тод харагдана.

Мөн хоёр морины дунд дугуй, нум сум, хутга дүрсэлжээ. Нарийн хэсэгт нь бамбай сийлжээ. Энэ бүх дүрс нь хэрчлээсэн хээт бүсний дээд талд байна. 12-р буган хөшөө нь саарал боржингоор бүтсэн. Хашлагын хойд талд байна. Өргөн нүүрэн талд нь бугын дүрсийн дор янгирын эвэр хэлбэрт бариултай чичлүүр хутганы үзүүрийг нь газар руу чиглүүлэн дүрсэлсэн. Булшны баруун урд талд 13-р, 14-р буган хөшөө бий. Энэ хоёр хөшөөнд бугын эврийн дүрс бүдэг бадаг үзэгдэнэ. Хашлагатай булшнаас 6 м зайтай буган хөшөөний (15-р) хэлтэрхий байна. Булшнаас хойш 40 м зайтай нэг талдаа бугын дүрсийг (17-р) хөшөө байна.

Буган чулуун хөшөө бүтээж ирсэн он цагийг эрдэмтэд хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үе (МЭӨ ХУ-КП зуун)-д хамаатуулан үздэг байна. Хүрэл зэвсгийн үеийн сүрлэг томруун баримлын урлал болох энэхүү буган чулуун хөшөөний ховор нандин дурсгалын нэг нь шатар чулууны дэнж дэхь буган хөшөөний цогцолбор юм.

4. ГУРВАН МАНДАЛЫН ХАДНЫ ЗУРАГ, ТҮРЭГ БИЧЭЭС

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт, сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км-т орших баруун хойноос зүүн урагш цувран тогтсон оройг нь тэгш тайрсан мэт сонин тогтоцтой гурван уулыг Гурван Мандал хэмээнэ. Энд хадны зураг, эртний Түрэгийн руни бичээс тэргүүтэй сонирхолтой дурсгал тун ихтэй. Ялангуяа уулын оройн тэгш толигор хаднуудаар олон үеийн хүний бүтээл, хадны сүг зураг, тамга тэмдгийн зүйл арвин ажээ. Эдгээр зургуудын Дотор буга, согоо, янгир зэрэг ан амьтан, адуу, тэмээ, нохой зэргийн мал адгуус, түүнчлэн нум сумаар зэвсэглэсэн хүмүүс ан гөрөө хийж буй байдал, адгуус амьтныг гаршуулан сургаж буй сэдэв байхаас гадна нум сум, байлдааны сүх, тэрэг, буйл, бурантаг ээрэг дайн тулаан, хөдөлмөрийн багаж зэвсэгүүд бий. Энд бас эртний олон овог аймгийн тамгыг дүрсэлсэн нь нэн их бөгөөд тэдгээрийн дотор онгин, сэрээ, хайрлага, чагтан болон янгир тамгад байх нь манай бусад нутгийн хадны зураг сүгийн дурсгал дотор тааралддагтай дүйх ажээ. Гурван Мандалын хадны зургууд нь Х.Т.Ө II мянган жилийн сүүлийн хагасаар Х.Т.Ө I мянган жилийн тэргүүн хагаст, мөн зарим дүрсүүд нь бүр дундад зууны үед холбогдох ажээ. Харин хурц үзүүртэй зүйлээр сараачин зурсан нарийн зураасан зургуудын дотор хүн амьтан, зэр ээвсэг, орон байшин, тэрэг зэрэг зүйлс дүрслэгдсэн байх ба аль ч талаас нь үзсэн цаг хугацааны хувьд ихээхэн хожуу үед буюу ХШ-Х1Х зууны үеийг хүртэлх цаг үед холбогдох ажээ.

Гурван мандалын руни бичиг

Түүнчлэн цувраа Гурван Мандалын хоёрт нь эртний түрэгийн руни бичгээр бичсэн дурсгал бий, Энэхүү бичээсийг түрэг судлаач Л.Болдын /БНМАУ-ын нутаг дахь хадны бичээс 1990 он) номонд энэ тухай тэмдэглэж. Эдгээр бичэээсийг он цагийн хувьд тэдгээрийг Түрэгийн хаант улсын үеийн дурсгал гэж үздэг. Мөн Түрэгийн үед хамрагдах янгир хэлбэртэй тамга зэрэг 29 төрлийн тамга тэмдгийн дүрстэйгээс гадна сараажсан зураг, байшин гэр, зэвсэг зэргийг дүрсэлсэн байдгаас үзэхэд нийт зургуудын тодорхой хэсэг нь түрэгийн үед холбогдох нь илт байна. Мөн балбархай болсон зөөвтөр Түрэг үг байдаг. Энд Л.Болдын тайлж уншсанаар /Эцэг бид-Акыс эр нэр минь Улингчык/ мөн өөр нэг бичээсэнд /Нэр минь дэр-Еничык Акыз/ гэж бичжээ. Энэ бүхнээс үзэхэд Гурван Мандал нь Түрэгийн үеийн түүхийн дурсгалыг нэг дор бөөгнөрүүлэн бичиж харуулсан томоохон дурсгал юм. Энэ талаараа монгол улс дахь Түрэгийн хаант улсын дурсгалуудын томоохонд тооцогдоно. Гурван мандалын уулын орчимоор урсдаг Байдрагийн гол бол эртний Түрэг нэр юм. Энэ нь Монголчилвол Баян-ааргийн гол гэсэн нэр болно. Үүгээр үзвэл энэ орчимд Түрэгийн хаант улсын томоохон суурьшмал иргэд байсныг харуулж байгаа юм.

5. БҮГИЙН ЦАВ

Бүгийн цавын хоолойд зочлох үед өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, одоогоос 150 гаруй сая жилийн тэртээх амьдрал төсөөлөгддөг. Тэнд ертөнцийн гайхамшиг хэмээгдэх 50-иас 80 тонн жинтэй, 20 шахам метр урт, 1.5-аас 30 метр жижиг болон аварга том үлэг гүрвэлүүдийн бүхэл саланги холилдож чулуужиж хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг үзсэнээр монголын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг мэдэх болно.

Энэ аварга амьтныг ертөнцийн гайхамшиг болохын нь хувьд нэгэн баримт дурдъя. Дэлхийн аваргуудын тухай алдарт Гиннесийн номд, эдүгээ тодорхой мэдээгээр үзэхүл дэлхийн хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед Монголын говьд амьдарч байсан Теризинозавр хэмээх үлэг гүрвэл юм. Түүний сарвууны урт 91,4 см юм гэжээ.

Бүгийн цавын хоолой 

Мөн Бүгийн цавийн хоолойгоос 1981 онд аврага биет махчин Динозаврын бүтэн хэлхээ яс олдсон. Энэ олдвор нь Монголын говиос 2 удаа олдсон тохиолдол байдаг. Үүний нэг нь буюу Бүгийн цаваас олдсон Динозаврын бүтэн хэлхээ чулуужсан яс нь одоогоор аймгийн Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байна. Нөгөөх нь Өмнөговь аймгийн нутгаас олдсон одоогоор УБ-ын Байгалийн түүхийн музейд байна.

Эртний энэ аварга амьтад болон далайн амьтадын чулуужсан яс нь Бүгийн хоолой төдийгүй Шинэжинст сумын ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газруудаас олддог.

6. ШАРГАЛЖУУТЫН РАШААН

Халхын Зая Бандид Лувсанпэрэнлэй гуай Шаргалжуутын рашааны судрыг анх удаа зохиожээ. Лувсанпэрэнлэй нь халхын хангай хааны нутаг Хужирт гэдэг газар төрсөн. Багаасаа ном эрдэмд авъяастай байснаас Төвдийн Гүмбум, Үйзэн гэдэг газарт шавилан сууж байжээ. Тэрээр 18 жил төвд, Самгарди хэлийг судлаж тэр хэлээр бурхны шашны гүн ухаан, уран зохиолын номыг судалжээ.

Монголчууд Шаргалжуутын рашааныг хэдэн мянган жилийн туршид эмгэг хуучаа засахад хэрэглэж иржээ. 15-р зууны сүүлийн хагаст Доржринчин гэдэг оточ Монгол төвд оточ нарын хүчээр 50 гаруй рашаан булгийг оншлон тогтоож олонд мэдэгдэж байснаас гадна 19-р зууны үед эл рашаанд Халхын Засагт хан, сайн ноён хан, Түшээт хан, аймгуудаас рашаанчид, автономитын үед хятад, орос зэрэг гадаад орны жуулчид ирж байжээ. Тэд рашаанд орох түүнийг уух, шавшихын зэрэгцээ рашааны халуун эрдэсжсэн хад, чулуугаар жигнэх, замаг шавраар хөхүүлэх, уураар утах хэлбэрээр ашиглаж байжээ.

Шаргалжуутын рашаан нь Хангайн нурууны өврийн эртний галт уулсын тогтоц бүхий өндөрлөг уулсаар хүрээлэгдсэн байдаг. Рашааны орчмын уулс нь цэвэр цэнгэг агаар бүхий тогтуун уур амьсгалтай. Энэ рашаан нь эрт дээр үеэс газар газрын хүмүүс цугларан ирж биеэ эмчлэн сувилдаг байсан төдийгүй Манж, Чин гүрний үед Шаргалтжуутын рашааны ойролцоо Бээжингээс Улиастай явах монгол нутгаар дамждаг 21 өртөөний нэг өртөөг байгуулж манжийн ноёд түшмэл нар ирж биеэ сувиладаг байжээ.

Шаргалжуутын рашааныг анхлан хүнд танигдаж мэдэгдсэн түүх домогоос үзвэл эрт дээр үед Хүннү гүрний үеэс үүдэлтэй байсан ажээ. Домогт өгүүлснээр энэ нутгийн мэргэн анчин өвгөн нум сумаа агсран ан гөрөө хийж явтал Говийн өлгөчин шар гичий чоно тааралджээ. Түүнийг харваж шархдуулснаар нөгөө чоно цугтан явсаар уур савсан ундарч байгаа булгуудын дунд орчиж гэнэ анчин өвгөн хүлээзнэж байтал шархдсан гичий чоно ямар ч шарх олоогүй мэт босоод тавхисанд гайхсан өвгөн хэвтсэн газар очвол бага зэрэг цус туссанаас өөр юмгүй байсанд энэ рашааны эд шидтэйг нь мэдэж өөрийн хоёр муу хөлөө хэд хоног дараалан дүрсэнд эдгэрчээ. Түүнээс хойш энэ рашааныг Шаргал-жуут-ын рашаан гэх болжээ. Учир нь говийн чонийн эмэгчнийг "жуут" гэдэг аж. Говийн чоно нь шаргал ухаа зүстэй амьтан юм. Тиймээс шаргалжуут гэдэг ажээ.

Шаргалжуутын рашааны онцлог нь нэг дор халуун хүйтэн хоёр рашаан усыг хэрэглэх боломжтой. Тэрч битгий хэл том үхэр чулууны хоёр талаас халуун хүйтэн рашаан ундардаг онцлогтой. Шаргалжуутын рашаан нь далайн түвшинөөс дээш 1492 м өргөгдсөн хойд өргөрөгийн 460 20*, дорнод уртрагын 101014*- д орших эртний галт уулсын нөлөөлөлөөс үүссэн газрын гүний ан цавыг даган оргилж буй 108 булаг бүхий рашаан юм. Эрт дээр үеэс энэ рашааныг 108 төрлийн 404 өвчинд таарна хэмээн рашаанд орж ууж, эмчилдэг байжээ. Орчин үеийн эмчилгээг амралт сувилалын журмаар ашиглах зорилгоор 1920-иод оноос эхлэн судалж 1970 онд эрдэм шинжилгээний парактик судалгаа хийжээ.

"Шаргалжуут"-ыг нэн эртнээс судалжээ

Монгол хүн хэдэн мянган үедээ байгалийн гамшиг, өвчин эмгэгээс биеэ хамгаалахын тулд олон янзын эрэл хийж ирсэн байна. Түүний нэг рашаан усыг эмчилгээний журмаар хэрэглэж байсан баримт цөөнгүй. XVIII зууны эцсээр Ламын гэгээний гуравдугаар дүр Г.Ишдорж Шаргалжуут рашааныг магтан "Усан болрын магтаал" ном гаргасан байдаг. Энэчлэн рашааны талаар бичсэн ном зохиол, судлалын бүтээл олон бий. Галзуу шарын усанд орох журам буюу "Сирнёлунгийн чун цан шугвий рэмбэ" гэдэг номыг 1850 онд Өндөр гэгээн Занабазар гаргасан нь халуун рашаанд орох журмын анхны хувилбар болов уу гэж үздэг. Мөн түүхэн сурвалжаасаа Шаргалжуут рашааны тухай дөрвөн боть судар байдаг. Эмчилгээний дэг жаяг, бишрэх, хүндэтгэх үйл цөм тус сударт цогцоор бичигдсэнийг эрдэмтэд шинжлэн судалж тогтоосон нь бий.

Шаргалжуут рашааны ерөнхий бүтэц, гарал, рашааны агуулж байгаа язгуур бие махбодийг тус бүрээр нь (хими, физик) тодорхойлж хүний өвчнийг анагаах талаар судалсан олон эрдэмтэн, судлаачийн бүтээл олон байдаг.

Рашаанаа хайрлаж ирсэн уламжлал рашааны орчин тойрон, байгалийг хамгаалах талаар эрт үеэс уламжилж ирсэн сайхан заншил, дэг горим байсныг нутгийнхан хэлэлцдэг. Ламын гэгээний цогчим гэсгүй рашааны орчинд ариун цэвэр, онгоц, пайзны бүрэн бүтэн байдалд жилд 2-3 удаа хяналт шалгалт хийдэг байжээ. Гэсгүй энэ үед тусгай өмсгөл өмсөж метр гаруй урт саваа мод авч явдаг байсан аж. Хэрэв хогтой бол модоо чирж "дүн дан" дуу гарган цэвэрлүүлдэг, ихээхэн бохирдсон газарт мод босгодог байж. Энэ нь торгуулийн дохио болдог байсан юмсанж. Энэ мэт дуртгал нь рашаан усыг ард түмэн хайрлан хамгаалж байсан нэг жишээ юм. Шаргалжуутын рашаан нь арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож, мэдрэлийн тогтолцоогоор дамжин судасны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйүүдийн болон арьсны зарим өвчнийг эмчлэх заалттай. Ер нь халууны хэмжээ их, сул эрдэсжилтэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн татах, үе зэрэг архаг өвчнийг засахад илүү зохимжтой байдаг байна.

Рашаанд ороход цусны судас тэлэн, зах орчмын цусны хангамж сайжирч, улмаар зүрх судасны ажиллагаанд нөлөөлөхийн зэрэгцээ өвдөлт намдаах, цус бүлэгнэх үйлдлийг хэвийн болгодгоороо онцлогтой.

Рашааныг монголын уламжлалт эмчилгээний таван заслын дотор багтах нэгэн зөөлөн засал хэмээн үздэг аж. Шаргалжуут рашаан нь бие эрхтний дүрс бүхий хаднаас тухайн өвчнийг анагаах рашаан ундарч байдаг. Ийнхүү ундрах рашаанаар бүхий л өвчнийг илааршуулдаг

Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан сувилал нь амралт сувиллын үйлчилгээг тогтвортой явуулах болсноор монгол орны өнцөг булан бүрээс олон зуун амрагчид ирж сувилуулдаг байснаар зогсохгүй тухайн үеийн социалист гэгдэж байсан Европын орнууд, БНХАУ, ЗХУ-ын амрагчид ирж амардаг байв. Шаргалжуутын амралт 3 давхар нэг, 2 давхар нэг тохилог зочид буудалтай соёл спортын үйлчилгээний төв болон зуны улиралд цөөн хэдээр амрах тусгай модон сууцнууд гэрээр үйлчилдэгээс гадна 2005 оноос Шаргалжуутын рашааныг түшиглэн амралт аялалын хувийн жуулчны баазууд ажиллаж эхэлсэн.

Шаргалжуутын рашааны амралт нь явган аялал, адал явдалт аялал зэрэг үйлчилгээ явуулах боломжтой. Мөн рашааны ойр орчмын ховор эмийн ургамал болон түүх соёлын дурсгалт газруудыг үзнэ.

Шаргалжуут рашааны давуу тал нь багаахан орон зайд олон төрлийн рашаан ундардаг бөгөөд 93-96 градус С-ийн буцлам халуун, газрын 2400-2500м-ийн гүнээс оргилдог. Рашаан нь хүний биеийн бүх эрхтэнгүүдтэй хэлбэрийн хувьд ижил/чих гэхэд чихний дүрстэй, толгой гэхэд толгойн дүрстэй/ байдгаараа дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц сонин тогтоцооороо дэлхийд алдартай.

Шаргалжуутын рашаан хуучин төмөрлөгийн үеийн боржин сэвэхт чулуу хадан цагаан чулуулгын доороос оргилон гархаас гадна тэр орчмын хад цохио тийм тогтоцтой. Рашааны чанх хойно орших өндөрлөгийг Дорлиг, зүүн хойд талд байх улаан хадан цохио бүхий хошууг Магсарын хад, урд нурууг Сойдон уул гэдэг. шаргалжуутын рашаанд хийсэн судалгаанаас үзэхэд хүхэрлэг үнэртэй аль ч булагт 96 °С халууд тэсвэрлэх чадвартай хар халтар, улбар шар, ногоон ягаан, улаан зэрэг тод өнгийн замагтай. Рашаан урсдаг хэсгээрээ өвөл хөлддөггүй. Рашааны ундрагаас доош 1 км зайд газрын гүн рүүгээ 60 градус С халуунтай хүхэрлэг шавартай тул рашаан шавар эмчилгээ хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, дорнод сибирийн "Талая" зэрэг рашаантай төсөөтэй болно.

Рашааны ордын ойролцоо орших рашаан төст, цэнгэг усыг Лхамын булаг хэмээдэг бөгөөд хааны хатан халуун шараар өвчилж хүндрэхдээ энэхүү булгийн усыг ууж эдгэрсэн тул Лхамын рашаан гэж нэрлэж дотрын өвчинд хэрэглэдэг гэсэн домогтой.

Шаргалжуутын рашаан нь арьсан дахь мэдрэлийн судсыг чоцроож мэдрэлийн тогтолцоогоор дамжин цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл эмэгтэйчүүдийн болон арьсны зарим архаг өвчнийг эмчлэх заалттай ба ер нь халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж үрэвслийг түргэн татах, үе гишүү, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү зохимжтой.

Шаргалжуутын рашаанд ороход цусны судас тэлэн, зах орчмын цусны хангамж сайжирч улмаар зүрх судасны ажиллагаанд нөлөөлөхийн зэрэгцээ өвдөлт намдаах, цус бүлэгнэх үйлдлийг хэвийн болгох онцлогтой. Рашаанд ороход халуун нь 36-37 градус С, нэг удаагийн хугацааг 10 минутаар тогтоож цаашид халууны хэмжээ хугацааг аажмаар ихэсгэх ба оролтыг өдөр бүр буюу хоёр өдөр дараалж өнжих аргыг баримтална. Нийтдээ дунджаар 10-14 удаа орвол бүрдмэл эмчилгээ гэж үздэг.

Рашаан сувиллын эмчилгээ нь сэргээн засах нийтлэг арг ахэмжээний бүрэлдэхүүн хэсэг хүний бие махбодид тодорхой зарим тохиолдолд сонгмол үйлчилгээ үзүүлэх учир эмчилгээнд тохирох өвчин, эмгэгтэй хүмүүс засал хийлгэх шаардлагатай. Рашаан сувилалд сувилгаа хийлгэхэд бие хүн нь өвчний шинж, эмгэгийн зөвлөлгөө авбал зохино.

Шаргалжуутын рашааны орчинд чихэр өвс, гоньд, таван салаа, дэгд, хунчир, алтан гагнуур, ванжингарав, зээргэнэ, зэрэг эмийн ургамал элбэгтэй тул рашааныг уламжлалт анагаах ухааны бүрэлдэхүүн хэсэг болох монгол эмтэй хослуулах боломжтой тул энэхүү нөөцийг зүй зохистой ашиглаж сувилгааны хүрээг өргөтгөх үр нөлөөг чанартай болгох ихээхэн төлөв байна.

Цаашид эрхэм баялаг эл рашааныг зөвхөн хэрэглэх үүднээс биш түүнийг ариг гамтай ашиглах, хамгаалах, унаган төрхийг нь хадгалах, ариун тунгалаг байлгах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэн бүр бүр сүжигтэй хандах явдал чухал байна.

-   Эл рашааны хүчин зүйл нь халууны хэмжээний зэрэгцээ шүлтлэг орчин цахиурын хүчлээс бүрдэх тул тэдгээрийг ундарга бүрээр авч ирвэл:

МЭДРЭЛ СЭРГЭЭХ РАШААН №38

-      Энэхүү рашааныг мэдрэлийн ядаргаа, нойр хульжих толгой өвдөх, юм мартах үед дулааны улриалд өдөрт толгойг 2-3 удаа шавшиж, хүйтний улиралд байрандаа нэг цэгийн туршид толгойдоо ороолт, боолт хийнэ.

-      ЧИХНИЙ РАШААН №37

-      Уламжлалт арга нь баруун чихээ халуун чулуунд нааж жигнэх, зүүн чихэнд рашаан дусааж чих дүлийрч шуугих, хульх дүүрэх, хуурай хатгаж өвдөхөд хэрэглэн гол нь чихийг угааж цэвэрлэхэд зориулах аж.

-      ХАМРЫН РАШААН №39

-      Үрэвсэл, харшлаас болж хамар битүүрэх үед 2-3 удаа хамартаа сорж зайлах, эсвэл дусаана. Ингэхэд хэсэг газрыг цусны хангамжийг сайжруулах нөлөөтэй.

-      ШҮДНИЙ РАШААН №57

-      Уул рашааныг ам шүдээ зайлж цэвэрлэх, буйл бэхжүүүлэх зорилготой хэрэглэнэ. Ялангуяа хооллосны дараа ам, шүдээ рашаанаар 3-аас доошгүй удаа зайлах, шүдээ сойздож угаах, буйланд цацах зэрэг нь эс, эдийн тэжээл, бодисын солилцоог сайжруулахад нөлөөлнө.

-      БӨӨРНИЙ РАШААН №40

-      Энэхүү рашаан бөөр, давсагны архаг үрэвслийн үед шээс хөөх чиглэлээр хэрэглэж баруун, зүүн бөөрний гэж ялгах боловч найрлагын хувьд ижил юм. Уламжилсан арга нь хоёр ундарганаас тавь, тавин грамм авч нэг удаад 100 граммаар өглөө, өдөр хооллосноос хойш 1 цагийн дараа ууна.

-      ДАВСАГНЫ РАШААН №30

-      Рашааныг дээр үеэс их ууж, их шээдэг өвчний шинэтэй хүмүүс уухад зохимжтой байсан тул давсагны рашаан хэмээн нэршиж, одоо ч гэсэн давсагны рашаан гэх боловч чихрийн шижинтэй үед түүнийг ууж нэг хэсэгтээ засал авдаг байна. Чихрийн шижин, давсагны архаг үрэвсэл, шээс хоригдох үед рашааныг 200-250 гр-аар хооллохоос 45 минутаас 1 цагийн өмнө ууж хэрэглэнэ. Нийтдээ 21-ээс доошгүй уусан байвал илүү үр дүнтэй гэж үздэг.

-      НҮДНИЙ ШАРААН №53

-      Эл рашааныг нүд аргах, хорсох, зовхи хуурайших, загатнах үед зөөлрүүлэх маягаар хэрэглэж түүнийг нүдэнд дусааж шингэтэл байлгана.

-      ХАРШЛЫН РАШААН №75

-      Харшлаас болж хамар битүүрэх, нүд загатнах үед өглөө, оройн хоолны дараа дунджаар 1 цаг болоод ууж хэрэглэнэ. Харшлын үүсгэлтэй тууралтын үед рашаанаар шавших, жин тавих аргыг хосолно.

-      ХҮЙСНИЙ РАШААН №

-      Энэхүү рашаан нь халууны хэмжээ хамгийн багаараа бусдаас ялгаатай. Хүйсний рашааныг эл орд газрын төв гэх тул хэрэв хүйсний хадыг булга төтвал гол рашаан асар их хүчтэйгээр урд Сойдон уулыг давтал олгойдно гэсэн домогтой. Уламжлалт арга нь рашааныг хүйс улайх, загатнах, хорсох үед хүйсэнд дусааж түрхэнэ.

ХӨХНИЙ РАШААН №2

Рашааны ундарч буй газар нь хөхний хэлбэртэй, хоорондоо холбоотой хоёр хөх чулуу байдаг. Рашааныг хөхний үрэвслийн улмаас тогтсон бэрсүү, хатууралтын үед түүнийг бүлээн чулуунд нааж жигнэх, халуун рашаанаар жин тавьж хэрэглэдэг.

НАРИЙН, БҮДҮҮН ГЭДЭСНИЙ РАШААН №130

Хутагт Цэрэндорж хүүхэд ахуйдаа гэдэс нь их дүүрдэг байснаас энэ рашаанд орж зүгээр болсноос нарийн бүдүүн гэдэсний рашаан гэж нэрлэжээ. Эл рашааныг өтгөн хатах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрах, гэдэс дүүрэх зэрэгт хэрэглэнэ. Рашааныг 100 гр-аар хооллосны дараа өдөрт 2 удаа уух буюу рашаанаар бургуй тавьж гэдэс угаах хэлбэрээр ашигладаг байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН РАШААН №6

Анх Доржричин агсны бүсгүй дүү Гүндэм савны өвчний учир шалтгаанаар энэ рашаанд орж зүгээр болж илааршисан тул үүнээс уламжлан ээжийн рашаан хэмээн нэрлэж, хожим нь эмэгтэйчүүдийн гэх болжээ. Рашааныг эмэгтэйн сарын тэмдгийн хугацаа алдагдах, бэлгэсийн эрхтний зарим үрэвсэл, үргүйдэлтийн үед рашаанд орох, рашаанаар үтрээ угаалгах хэлбэрээр ашиглаж эмчилгээний хугацааг 10 хоногоор баримжаалсан байна.

-      ОЮУН УХААНЫ РАШААН №7

-      Анх рашаан ундардаг хад чулуу нь ам хамар, нүдтэй гэмээр хүний тархи, толгойн хэлбэртэй байжээ. Үүнийг амарч байсан дэг муутай хүмүүс эвдэж хэмхэлсэн гэсэн ам дамжсан яриа үлджээ. Доржринчин агсан анхлан чулуугаар онгоц барьж рашаанд орон, оюун ухааны түлхүүр хэмээн нэрлэжээ. Мэдрэлийн сульданги, юм мартах үед рашаанд орох, толгойгоо шавших, алчуураа рашаанаар норгож толгой ороох хэлбэрээр хэрэглэж рашааныг 100-150 гр-ын хэмжээтэй өдөрт нэг удаа ууна.

-      ХОДООДНЫ ХҮЧИЛ БАГАДАХ ҮЕИЙН РАШААН №13

-      Рашааныг ходоодны хүчил багадсан юм уу хэвийн байхад, хоолны шингэц тааруу, аюулхай орчимд цанхайх, хоол идэх дургүй болох үед хэрэглэдэг. Рашааныг нэг удаад 150-200 гр-аар хооллохоос 30-40 минутын урьд бүлээнээр нь шимж амталж уух ба Лхамын рашаантай хосолж хэрэглэвэл зохимж сайтай гэж үздэг.

-      ХОДООДНЫ ХҮЧИЛ ИХДЭХ ҮЕИЙН РАШААН №14

-      Рашааныг дотор хорсох, исгэлэн зүйлээр гашуу оргих, гэхрүүлэх үед хэрэглэж нэг удаад 200 гр-аар хооллохоос 40-45 минутын өмнө том балгаж ууна.

-      ХООЛОЙН РАШААН №15

-      Рашааныг гүйлсэн булчирхай, залгиур хоолой, дууны хөвчийн архаг үрэвслийн үед хоолойгоо өдөрт 2-3 удаа зайлж түүгээр хүзүүний хажуу тал, эрүүний доод хэсэгт жин тавина.

-      ХӨЛНИЙ РАШААН №10

-      Рашааныг баруун зүүн хөлний гэх боловч найрлага, халууны хэмжээ адил болой. Гар, хөлний саажилт, үе мөчний болон чийг бамын өвчний үед рашаанд нэг удаа 10-15 минутаар дүрж нийтдээ дунджаар 10-12 орсныг бүрдмэл эмчилгээ гэж үзэх ба мөн хөл, гарын эмгэгтэй, үе гишүүнд жин тавилтыг хослуулбал тохиромжтой.

-      ӨВДӨГ ТОХОЙНЫ РАШААН №66

-      Рашаан нь атгаалж чөмөг шиг хэлбэртэй чулуун доороос ундардаг, тэр хаьдаа замаг бүхий өвөрмөц онцлогтой. Өвдөг, тохойн архаг үрэвсэл, үе гишүүний хөдөлгөөн сулдах, гар, хөлийн булчин хатингаршихад рашаанд орох, өвчин эмгэгтэй үеэ дүрэх хэлбэрийг голлодог байна.

-      УУШИГНЫ РАШААН №9

-      Рашааныг амьсгалын эрхтний зарим архаг өвчний үед /архагшсан хатгалгаа, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа/ уух ялангуяа утлага хийхэд гойд зохимжтой. Чийглэг орчинтой, салхины хүч бага, цаг агаарын огцом өөрчлөлтгүй үе, нарны цацраг бүхий нөхцөлд рашаанаар утлага хийх нь амьсгалын эрхтний замыг цэвэршүүлэхэд онцгой нөлөөтэй.

-      ЭЛЭГ ЦӨСНИЙ РАШААН №11

-      Уг рашааныг элэг, цөсний архаг үрэвслийн үед 150-200 гр-аар өдөрт 3 удаа хооллох 30 минутын өмнө ууж хэрэглэх ба 21- ээс доошгүй уусныг бүрдмэл эмчилгээ гэж үзнэ.

-      УЛААН МӨӨМНИЙ РАШААН №17

-      Эл рашааныг цусны даралт буурсан, цус багадсан тамир тэнхээ ядруу үед нэг удаад 100 гр-аар хоолны дараа 1-1 цаг 30 минутын хойно ууж хэрэглэнэ.

-      ХҮРЭН ЦОРГОТ №120

-      Манай оронд хүрэн суман мод ургадаггүй тул дээр үед гадаадаас уг модыг худалдан авчирч цорго хийж түүгээр гоожсон рашааныг хүмүүс тосч авч уудаг байсан тул хүрэн цорготын гэж нэрлэжээ. Хожим нь Шаргалжуутын гол үерлэж модон цорго автагдан голын захад түрэгдсэн гэж үгүүлэх аж. Рашааныг элэг цөсний зарим архаг авчний, тэр тусмаа цөсний урсгалын тогтонгишлын үед хооллохоос нэг цагийн өмнө шимж ууна. Элэг цөсний өвчин хавсарсан тохиолдолд Лхамын рашааныг эхэлж 7-10 хоног ууж дараагийн 10 хоногт нь хүрэн цорготыг уухад илүү зохимжтой гэж үздэг.

-      БЭЛГИЙН РАШААН №21

-      Эрэгтэй бэлгийн рашаан нь чулууны нарийн нүхээр гардаг байжээ. Рашааныг бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл үргүдлийн үед дунджаар 100 гр-аар өдөрт нэг удаа унтахын өмнө уух ба 10 өдрийн турш хэрэглэбэл бүрдмэл эмчилгээнд тооцоно.

-      ЛХАМЫН РАШААН №22

-      Энэхүүх рашаантай холбоотой домгийн хувьд дээр үеэс хэдэн лам нар хүрээнд мөргөхөөр явж байтал замдаа нэг нь өвджээ. Лам өөрийгөө шар гэдэг өвчнөөр өвчилсөнөө мэдэж, тар нар намайг орхиод явдаа, би явж чадагүйнээ гээд үлдсэн гэдэг. Лам эзгүй хээр ганцаараа нэлээд унтаад сэрсэн чинь ам нь маш их цангасан байжээ. Тэгээд ийш тийшээ харсан чинь нэг хаднаас ус гоожиж байсныг хараад түүнээс уухаар мөлхөн очиж үргэлжлэн уусаар байгаад нэг мэдэхэд өвдөх юмгүй босчээ. Үүнээс хойш Ламын рашаан гэж байгаад яваандаа Лхамын рашаан хэмээжээ.

-      Өөр нэг домог нь Ноёны хатан халуун шараар өвчилж хүндрэхдээ эл рашааныг уугаад эдгэрсэн тул түүнээс хойш Лхамын рашаан гэж нэрлэн дотрын өвчинд ууж хэрэглэдэг болсон.

-      Лхамын рашааныг хоол боловсруулах эрхтний зарим архаг өвчний үед бүлээсгэснээр 100-200 гр-аар хооллохоос 30 минутын өмнө шимж ууж хэрэглэнэ. Рашааны уламжлалт бусад аргад дор дурдсан засал багтана.

-      ЭМЭЭЛ ХАД

-      Энэ нь эмээл шиг хэлбэртэй улаан хад бөгөөд бүүрэгний доороос 70 хэмийн халуун рашан оргилон гардаг. Давсаг султай шээс ойрхон хүрэх, чавдаграх, эмэгтэйчүүдийн зарим өвчний болон бэлгийн сулрал үргүдлийн үед өдөрт нэг удаа 5 минутаас багагүй хугацаагаар эмээл хаданд сууж жин тавьж хэрэглэнэ.

-      БҮЛЭЭН СУУДАЛ

-      Рашааныг илчээр бүлээссэн халуун жин тавих ба суудлын мэдрэлийн архаг үрэвсэл, үе гишүү өвчний болон бөөр, нуруу хүйт даах, ууцаар хатгах үед түүн дээр хэвтэж суун жигнэж бэгнэхэд нэгэн хэмийн дулааны нөлөө биед үнэхээр тохиромжтой. Өөр нэгэн засал бол рашааны он удаан жилийн урсгалаар тогтсон замаг юм. Уламжилсан аргаар бол улаан замгийг арьсны өвчинд, ногоон замгийг судас арьсны өвчинд, судас бүдүүррэхэд шавж нааж хэрэглэнэ

ЛХАМЫН РАШААН №22

Энэхүү рашаантай холбоотой домог нь дээр үед хэдэн лам нар хүрээнд мөргөхөөр явж байтал замдаа нэг нь өвджээ. Лам өөрийгөө шар өвчнөөр өвдснийг мэдээдта нар намайг орхиод явдаа гэжээ. ЛАм эзгүй хээр ганцаараа нилээд унтаад сэрсэн чинь ам нь маш их цангажээ. ииш тийш харсан чинь нэг хаднаас ус гоожиж байсныг хараад түүнээс уухад нэг мэдэхэд өвдөх өвчингүй болжээ. Үүнээс хойш Ламын рашаан гэж байгаад сүүлдээ Лхамын рашаан гэжээ. Лхамын рашааныг хоол боловсруулах эрхтнйи архаг өвчний үед бүлээнээр нь 100-200г хооллохоос 30 минутын өмнө шимж ууж хэрэглэнэ.

7. ИХ БОГД УУЛ

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих хүрхэрээ, өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм. Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм.

Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ "Оюу", "Номин" нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг билээ. Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь их Богд уул юм. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн болно.

8. ЭРХЭТ, ТАМЧИЙН ХАВЦАЛ

Эрдэнэцогт сумын нутаг Тамчийн талд хүрэн толгойгоос доош 20 шахам км зайд эртний их хагарал галт уулын хүрмэн чулууг уулын голын ус зүссэнээс үүссэн маш сүрлэг гүн хавцал юм. Хананы өндөр хэдэн зуун метр хүрэх тул өвлийн улиралд ёроолд нар үл тусна. Мөн Гивэн, Халиут гэсэн хоёрхон оруулга замаар ердийн хөсгөөр нэвтрэхээс өөр гарцгүй, хүрмэн чулуу, хад асга болсон, хажуу хана дагаж хар мод ургаж, хавцлын дундуур боргио хөөсрөн урсах голын усны сав дагуу бургас, улиас, буриагуул, торлог эмжиж, арц бамбай зэрэг үнэртэн, сонгино, хад, тошлой, нохойн хошуу, алтан гагнуур, биелэг өвс зэрэг эмийн өвс ургамал ургасан байна. Ирвэс , шилүүс, буга согоо, бор гөрөөс, янгир, гахай, зэрэг ан амьтан байхаас гадна нүүдлийн ба суурин шувууд шивээлж цугласан байх юм. Энд тэмээн халиу хэмээх ховор амьтан амьдардаг гэж нутгийн ард ярьдаг.

9.  ГОВИЙН ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛЬ

Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 км-т орших их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарна.

Их говийн чимэг болсон Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь их говийн элсэн манхнууд болон говь нутгийн чимэг болсон заган шугуйд, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг бэлчиж, нүүдлийн соёл иргэншлийн томоохон төлөөлөгч болсон төв халхын малчин ардууд ажиллаж амьдарч байдаг нь гадаадын аялагчдын сонирхлыг ирэхгүй татдаг билээ.

Нуурын орчноос дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ түүх соёлын нандин өв болох олон зуун хиргэс үүр, булш бунханууд нуурын зүүн хаяагаар ярайн байдаг.

Баянхонгорын говь нутаг нь энэ дэлхийн анхны хүн амьдарч байсан буурал түүхийн гэрч болохын зэрэгцээ аварга биет үлэг гүрвэлийн чулуужсан яс, түүний амьдарч байсан ул мөр болон дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавууд нь Баянхонгорын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг илтгэх болно.

 

 

НИЙТЭЛСЭН: 2016-02-13 16:48:34