ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ /GIZ/ - ИЙН ЭРДЭС БАЯЛАГ, ТҮҮХИЙ ЭДИЙН ИЖ БҮРЭН САНААЧЛАГА /ЭТИС/ ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

GIZ ЭТИС хөтөлбөр нь 2015 оноос Баянхонгор аймагт орон нутгийн хөгжилд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Орон нутгийн цогц хөгжил түншлэл” төслийг хэрэгжүүлж байна. ЭТИС хөтөлбөр нь 2017 оны 08 сараас төслийн шинэ үе шатыг эхлүүлж, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна Баянхонгор аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хувь нэмэр оруулах төсөлт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2018 оны 09 сарын 25-27-ны өдрүүдэд төслийн мэргэжилтнүүд хэд хэдэн чиглэлээр ирж ажиллалаа.

Үүнд:

  1. Дизайн сэтгэлгээ сургалт зохион байгуулав.

ИТХ-ын дэргэд шинэ тутам байгуулагдаад буй төрийн байгууллага, бизнес, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн “Тогтвортой хөгжил – түншлэл” зөвлөлийн гишүүд, Монгол-Тайланд-Герман улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах төслийн багийн гишүүдийг чадавхижуулах “Дизайн сэтгэлгээ” сургалтыг 3 өдрийн турш зохион байгууллаа. Сургалтыг ХБНГУ-ын зөвлөх багш Фрэдрик Шмидт чиглүүлэн явууллаа. Сургалтад нийт 25 оролцогч оролцож, асуудал тодорхойлох, шийдэл олох арга замууд, өөрийн санааг бусдад хэрхэн тодорхой илэрхийлэх талаар суралцлаа.

  1. Аялал жуулчлалын эргэлтийн тусгай сан байгуулах талаар санал солилцов.

Монгол-Тайланд-Герман улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн хүрээнд аймагт аялал жуулчлалын тусгай эргэлтийн сан байгуулах ажлыг зохион байгуулах, энэ ажлын хүрээнд 30 000 евроны санхүүжилт олгох талаар саналыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГазрын дарга Ц.Дашцэрэн, ГХАЖАлбаны дарга С.Баярмагнай нартай GIZ ЭТИС хөтөлбөрийн мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэ, GIZ санхүүгийн мэргэжилтэн Б.Ганбат нар уулзаж санал солилцлоо. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, Орон нутгийн хөгжлийн сангаас ЖДҮ эрхлэгчдэд урт хугацаатай, хүүгүй зээлийг олгох үйл ажиллагааг зохион байгуулдаг Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорацийн талаар танилцуулж, аялал жуулчлалын тусгай сангийн үйл ажиллагааг хариуцан ажиллах боломжтой гэдгийг дурдлаа. Энэ хүрээнд GIZ-ийн санхүүгийн мэргэжилтэн Б.Ганбат ЗДТГ-ын чадавхийг үнэлэх зорилгоор холбогдох баримт бичгүүдтэй танилцаж, Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорацийн дарга, нягтлантай уулзалт зохион байгууллаа.

  1. Орон нутагт ашиглагдаж буй хүлэмж, зоорьтой танилцав.

Хөдөө аж ахуйн чиглэлээр аймаг орон нутагт дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Герман улсын жимс ногооны хадгалалт буюу агуулах зоорийн мэргэжилтэн Ингольф Майер, GIZ ЭТИС хөтөлбөрийн мэргэжилтэн Ц.Даланцагаан нар аймагт 6 аж ахуйн нэгж, иргэдийн одоо ашиглаж буй томоохон зоорь, хүлэмжтэй танилцаж, сайжруулах зөвлөмжийг өгөв.

  1. Аймгийн аялал жуулчлалын стратегийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, суурь судалгааг хийх зорилгоор доктор, профессор Д.Гансүх ирж ажиллалаа.

 Аймгийн аялал жуулчлалын стратегийн бодлогын баримт бичиг боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, суурь судалгааг хийх зорилгоор аймгийн аялал жуулчлалын салбарын үйлчилгээний байгууллага болох агаарын болон авто тээвэр, гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчид, зочид буудал, жуулчны бааз Аялал жуулчлалын холбоо болон аялал жуулчлалын салбарын бодлогын байгууллага болох Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Бөөн цагаан-Орог нуурын сав газрын захиргаа зэрэг байгууллагуудын төлөөлөл, захирал, дарга нартай уулзаж харилцан санал солилцлоо.

Мөн тэрээр жил бүрийн 09 дүгээр сарын 27-ны өдөр тохиодог  “Дэлхийн аялал жуулчлал” - ын өдрийн хүрээнд аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагч нарт аялал жуулчлалын боловсролын талаар мэдээлэл хийлээ.

НИЙТЭЛСЭН: 2018-09-27 00:00:00