ЗХАНЗХ-ны 12-р Бүгд хуралд Баянхонгор аймаг оролцлоо.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал АЗДТГ-ын ХШҮАХ-ийн дарга Г.Төртогтох нар БНХАУ-ын Хунань мужийн Жанжиажэ хотод 10 дугаар сарын 29-30-ны өдөр зохион байгуулсан NEAR буюу Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны 12 дугаар бүгд хуралд оролцлоо.Тус хурал холбооны гишүүн Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос таван улсын гишүүн орон нутгийн төлөөлөл, Монгол Улсаас Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай, Увс, Архангай, Дундговь аймгийн удирдлагууд,  ИТХ-ын тэргүүлэгчид, NEAR-ын ХЭГ-ийн ажилтнууд, Хятад улсын Хунань муж, Жанжиажэ хотын холбогдох ажилтнууд зэрэг 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа. 

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал тус арга хэмжээнд орон нутгаа танилцуулсан илтгэл тавьж, орон нутгийн аялал жуулчлалын нөөц боломжийг тодорхойлсон.

            NEAR нь Зүүн хойд Азийн зургаан улсын засаг захиргааны нэгж буюу муж, аймаг, бие даасан хотуудын харилцаа, хамтын ажиллагааны байгууллага юм. 1996 оны есдүгээр сард байгуулагдсанаас хойш Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон орны 77 орон нутаг гишүүнээр элссэн бөгөөд Зүүн хойд Азийн 660.5 сая хүн амыг хамруулан үйл ажиллагаа явуулдаг. 

Энэ удаагийн бүгд хурлаар гишүүн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцэж, салбар хороодын үйл ажиллагааны тайлан, гишүүн орон нутгуудын илтгэл, дараагийн хурлыг зохион байгуулах орныг сонгох, туг гардуулах ёслол болсон. Үргэлжлүүлэн хурлын хэлэлцүүлгийг зохион байгуулж дүгнэлтээ тайлагнасан. 

Мөн Япон улсын Акита муж шинээр гишүүнээр элссэн бөгөөд “Шинэчлэлийн хороо”, “Залуучуудын бодлогын хороо”, “Уламжлалт эмийн хороо” зэрэг 3 хороо шинээр байгуулагдав. NEAR-ын гишүүн орон нутгуудын гишүүний үнэмлэхийг албажуулахаар боллоо. 

 

НИЙТЭЛСЭН: 2018-11-07 06:44:02