Морин спорт, залуу уяачдын холбоо анхны хурлаа хийлээ

УИХ-ын гишүүн Гантулгын санаачилгаар Морин спорт, залуу уяачдын холбоо байгуулагдсан. Тэгвэл тус холбооны Баянхонгор аймаг дахь салбар анхны хурлаа хийж, дэд тэргүүн, тэргүүлчэгчдээ сонгожээ.

 

Холбооны Баянхонгор дахь тэргүүнээр аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр сонгогдон ажиллаж байна. Тэрээр хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Энэхүү холбооны туйлын зорилго бол морины эзэн бус морийг уяж буй уяач, унаж буй хүүхдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн болоод эрхэлж буй ажлын нөхцлийг сайжруулахад чиглэгдэнэ. Монгол хүн морио дээдэлдэг. Морио дээдэлдэг шигээ бид унаач хүүхэд, уяач нарын хөдөлмөрийг ч үнэлж, тэдэнд мөн анхаарал тавих ёстой” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

 

Морин спорт, залуу уяачдын холбоо Баянхонгор аймгийн 20 суманд салбар холбоог нээж ажиллуулах аж. Салбар холбоодын дарга нар нь аймгийн холбооны тэргүүлэгчээр шууд томилогдох ажиллахаар дүрэмдээ тусгажээ. Монголын морин спорт, уяачдын холбоотой нягт уялдаа холбоотой ажиллах эл холбоо морь дагасан соёл, монгол хүний салшгүй хэсэг болсон морин спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг хуралд оролцсон уяачид хэлж байв.

 

Тус холбооны дэд тэргүүнээр М.Эрхэмбаяр олонхийн саналаар сонгогдлоо. Тэрээр аливаа ашиг сонирхлоос ангид уяач, унаачдын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм.

 

Морин спорт, залуу уяачдын холбоо энэ сарын сүүлээр болох Баянхонгор хайрханы тахилгын уралдааныг хариуцаж зохион байгуулахаар болжээ. Мөн ирэх сарын 2-нд болох дааганы улсын уралдааныг зохион байгуулах гэнэ. Тус уралдааны түрүүг жип автомашинаар байлхаар болжээ. 

 

НИЙТЭЛСЭН: 2017-05-15 17:04:48