БАЯНХОНГОР - БАЙДРАГИЙН ГҮҮР ХҮРТЭЛХ 129,4 КМ ЗАМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол улс даяар өргөжин тэлж буй бүтээн байгуулалтын ажил Баянхонгор аймагт үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлогод  Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэлх тавигдах 129,4 км автозамын ажлын нээлт 2017 оны 06-р сарын 8-ний өдөр боллоо.

Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км автозамын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЗГ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-ын бүрэн эрхэт элчин сайдын төлөөлөгч  Жан Жен Жин,  замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “ Шанхай констракшн групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жан Жи Вэй, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал болон бусад албаны хүмүүс баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор тусгасан ба Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км хатуу хучилттай авто зам нь баруун аймгуудыг нийслэлтэй холбох авто замын нэг хэсэг нь болж байна. Тус зам ашиглалтад орсноор Байдрагийн гүүр хүртэл зорчих орон нутгийн иргэд болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд, тийшээ зорчигсод тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж дан Баянхонгор аймаг гэлтгүй тухайн бүс нутагт эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Зам Тээврийн Хөгжлийн Яамны захиалгаар  Сангийн Яам, БНХАУ-ын экспорт импортын банкны санхүүжилтээр УИХ-ын гишүүдийн оролцоотойгоор ийнхүү Баянхонгор аймаг ОУ-ын шинж чанартай төслийг орон  нутагтаа хэрэгжүүлж Монгол Улсын босоо болон хэвтээ тэнхлэгийн замд багтсан 3 аймгийн нэг нь болохоор боллоо.

Тус авто замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын  “Шанхай Констракшн Групп” ХХК шалгарч 2016 онд 56,79 сая ам долларын ажил гүйцэтгэх гэрээг ЗТХЯамтай байгуулсан ба замын ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилэх юм байна. Төсөл хэрэгжүүлэгч “Шанхай Констракшин групп” нь байгуулагдаад 60 жил болсон ба дэлхийд 100 гаруй том бүтээн байгуулалт хийсэн улсдаа 2-т ордог бүтээн байгуулагчид аж.  Монгол Улстай 10 жилийн хугацаанд хамтран ажиллаж “Буянт Ухаа” цогцолбор, Ховдын Дөргөний усан цахилгаан станц зэргийг барьж байгуулжээ.

Тус замын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын “Их Монгол”, “Их Богд Зам”, “Ди Ар Жэй”, “Төгс Зам” ХХКомпаниуд шалгарсан ба 2 жилийн хугацаанд тавигдах замын ажилд 700 хүн ажиллахын 70 хувь нь монгол ажилчид байх ба эдгээр компаниуд  авто замын барилгын бэлтгэл ажлыг хангах хүрээнд нүүлгэн шилжүүлэлт, кэмп байгуулах, хэмжилтийн ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Батлагдсан график төлөвлөгөөний дагуу 2017 оны барилга угсралтын ажлыг 05-р сарын 10-аас эхлүүлсэн ба газар шорооны буюу хөрс хуулалт, далангийн ажил хийгдэж байна. Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км хатуу хучилттай авто зам нь 7 метрийн өргөн, 6см-ийн зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1,5 метрийн өргөн хайрган хөвөөтэй, 3-р зэрэглэлийн автозам болох юм.  Ийнхүү Баянхонгор аймаг дэд бүтцээр өргөжин тэлж хүн ард тав тухтай орчин нөхцөлд амьдрах ажиллах, зорчих нөхцлийг сайжруулж байна. Зам дагаж хөгжил гэдэг. Хөгжилд хурдавчлах дардан замаар та бид удахгүй зорчих болноо.

Сонирхуулахад Монгол Улсын 21 аймгийн чиглэлд 1412 км автозам болон хөвдөг гүүрийг 3 байршилаар тавих ажлаа зам тээврийн яам эхлүүлээд байгаа юм байна.

 

НИЙТЭЛСЭН: 2017-06-08 16:05:11