ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ДОНОР ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Жил бүрийн 6-р сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудад талархал илэрхийлэх, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний талаарх ойлголтыг олон нийтэд сурталчилан таниулах үүднээс ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн цусны донорын өдрийг “Бусдын төлөө та юу хийж чадах вэ? Өнөөдрөөс эхлэн тогтмол цагт цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэж байна.

Баянхонгор аймгийн ЗДТГ, ЭМГ, НЭ, Цусны салбар төв, Улаан загалмайн хорооноос хамтран өнөөдөр донорууддаа талархал илэрхийлэх арга хэмжээг хийлээ. Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, Улаан загалмайн хорооны тэргүүн Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, Улаан загалмайн хорооны дарга Д.Батдамба, ЭМГ-ын дарга В.Нарантуяа, НЭ-ийн чанарын албаны дарга н.Ганболд, Цусны салбар төвийн эрхлэгч н.Сэвжидмаа, аймгийн Донорын холбооны дарга н.Нарантуяа болон үе үеийн донорууд оролцлоо.

Энэ үеэр эрдэнэт хүний амь нас аврах үйлсэд хувь нэмрээ оруулж буй шилдэг доноруудаа шагнаж урамшуулан алдаршууллаа. Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “Хүндэт Донор” цол тэмдгээр Ш.Отгонбаяр, С.Амартайван, Б.Эрдэнэпүрэв, М.Амартайван, М.Ганхуяг, И.Буян нар шагнагдав. Мөн аймгийн ИТХ, Засаг даргын болон бусад шагналаар доноруудыгаа урамшуулан шагнаж ариун үйлсийг нь алдаршууллаа.

Баянхонгор аймгийн цусны салбар төв нь 600 гаран донортой ба доноруудаас авсан цусаараа жилд 120-130 литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эх үрс, эрдэнэт амь насыг авардаг байна.

 

Ижий энэрэлтэй, эгчийн ачлалтай
Эрхэм хүндэт ДОНОР танд баярлалаа

НИЙТЭЛСЭН: 2017-06-14 13:02:51