СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

Баянхонгор аймагт  чухал шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, суралцагдын сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэхэд хөшүүрэг болох, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах, дэмжих зорилгоор  УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ, Засаг даргын санаачилгаар, орон нутгийн өмчит “Корундгео” ХХК-ний санхүүжилтээр оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг энэ жилээс эхлэн тодорхой журмын дагуу олгож байхаар болсон билээ. 8-р сарын 20-ыг хүртэл бүртгэл явагдсан ба энэ хугацаанд тус сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 190 хүний материал АЗДТГ-ын ТЗУХ-т ирсэн байна. Эдгээр ирсэн материалуудаас журамд заагдсан тодорхой болзол хангасан 74 иргэний материалыг аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар оруулж танилцуулж байна.

Тус сонгон шалгаруулалтын эхэнд Засаг дарга Г.Батжаргал зөвлөлийн гишүүдэд хандаж ямар нэгэн танил тал харалгүй, улс төр, үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж үнэлгээ хийлгүйгээр сонгон шалгаруулалтыг шударга явуулахыг анхааруулж аль болох тоо хэмжээг хязгаарлахгүй олон иргэнийг тэтгэлэгт хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Өнөөдөр зөвлөлийн гишүүд тус хурлаараа тэтгэлэгт хамрагдах суралцагчдыг Монгол улсын их дээд сургуулийн бакалаврын ангид анх удаа, өдрийн ангид элссэн байх, ЭЕШ-д дундаж оноо 600-аас дээш авч, орон нутагт чухал шаардлагатай чиглэлээр суралцаж байгаа, суралцах мэргэжлийнхээ онцлог өнөөгийн хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлох чадвартай, Амьжиргааны түвшингээр 502, 567 онооноос доош оноотой өрхийн тэтгэлэг олгох журамд заасан тодорхой шаардлага хангасан оюутан, гурван хүүхэд нь зэрэг оюутнаар суралцаж байгаа айл өрхийн нэг хүүхдэд зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг голчоо болгон сонгоцгоох юм. Мөн ЕБС-ийг “А” үнэлгээтэй төгссөн оюутанд сургалтын төлбөр 100 хувь олгогдох бол   тэтгэлэг олгох журмын шаардлага хангасан, тэтгэмж авах хүсэлтээ ирүүлсэн бусад хүүхдүүдүүдийг ЕБС төгссөн үнэлгээ, ЭЕШ-ын дундаж оноогоор байр эзлүүлэн, тухайн жилд хуваарилагдсан санхүүжилтэд багтаан сургалтын төлбөрийн 50-70 хувийн тэтгэлгийг олгох юм байна.

Зөвлөлийн хурал дууссаны дараа тэтгэлэгт тэнцсэн суралцагчдын овог нэрийг олон нийтэд мэдээллэх ба 9-р сарын 8-ны дотор тэдгээр хүүхдүүдэд тэтгэлгийн батламж гардуулах үйл ажиллагааг зохион байгуулан сургалтын төлбөрийн тэтгэлгийн 50 хувийг дансанд шилжүүлэх юм байна. Үлдсэн 50 хувийг 1-р сард шилжүүлхээр төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, М.Билэгт, аймгийн ИТХ, Засаг даргын санаачилгаар орон нутгийн өмчит “Корундгео” ХХК-ний санхүүжилтээр явагдаж буй тус сургалтын төлбөрийн тэтгэлэг 2021 он хүртэл үргэлжилж тогтсон журмын дагуу жил бүр шалгаруулан тэтгэлэг олгож байх юм.

НИЙТЭЛСЭН: 2017-08-25 17:08:10