ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАЖ ТУЛГА ЖАРГАЛАНТ ХХК-НИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООНО

Галуут сумын Үнэгтийн 3-р багийн Их дугуйд уул уурхайн олборлолт явуулахгүй, улмаар тулга жаргалант ХХК-ний үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардсан тодорхой тооны иргэдийг өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүлээж авч уулзлаа. Уулзалтад холбогдох газрын дарга нар тухайн асуудал хариуцсан мэргэжилтнүүд байлцлаа. Тулга Жаргалант ХХК нь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй ба уулзалтын эхэнд Аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутаг, иргэдийн эрх ашгийг зөрчсөн ямар ч ААН, хувь хүнтэй ямар ч харилцаатай байсан эвсэж ажиллахгүй байгаа гэдгээ онцлон тэмдэглэсэн юм.

Тус багийн иргэдтэй Засаг дарга уулзах үеэр зарим бүлэг нөхөд нутгийн иргэдийн эсэргүүцлийг санаатайгаар өөгшүүлж, өдөөн турхирч аймгийн Засаг даргын хувь эзэмшдэг уурхай мэтээр гүтгэлэг тарааж иргэдийг төөрөгдөлд оруулжээ. Дайрч давшлах иргэдийн үг, үйлдлийг аймгийн удирдлагууд анхааралтай тайвнаар хүлээж авч сонслоо.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас 2006 онд Л.Чинбат захиралтай Гачуурт ХХК-нд MҮ-011917 тоот тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон байж. Улмаар олборлолт, үйл ажиллгаа явуулаагүй өнөөг хүрсэн ба уг лицензээ 2017 онд эрх шилжүүлэн Тулга жаргалант ХХК-д өгчээ. Эрхээ авсан компани ч үйл ажиллагаагаа явуулахаар болоход Галуут сумын ард иргэдийн эсэргүүцэлтэй тулсан юм байна. Нутгийн иргэдийн санал гомдлын дагуу төрийн байгууллагууд зохих шатны арга хэмжээг удаа дараа авсан байдаг бол аймгийн ИТХ-аас дээрх MҮ-011917 тоот тусгай зөвшөөрлтэй ААН-ийг ажиллуулахгүй байх хүсэлтээ АМГазарт өнгөрөгч 8-р сард явуулсан байдаг.

Өнөөдөр аймгийн Засаг дарга нутгийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь нэг бүрчлэн сонссоны эцэст Тулга жаргалант ХХК-ны үйл ажиллагааг таслан зогсоох, Галуут сумын Үнэгтийн 3-р багийн Их Дугуйд ажиллуулахгүй байх захирамж гаргахаар боллоо. Гэвч энэ компанийг ажиллуулахгүй гээд явуулчихсаны дараа нутгийн иргэд баялагт шунан дураараа тэр хавийн газар нутгаа юу ч үгүй ухаж сэндийлээд хаячихвий гэсэн болгоомжлол байгаа гэдгээ Засаг дарга хэлээд иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцээд энэ газар нутагтаа анхааралтай хамгаалалттай байхыг анхааруулав.

Нутгийн зарим нэг иргэдийн зүгээс бид өөрсдийн нутгаа өөрсдөө ухая гэсэн яриа санал гаргаж байсныг эх сурвалжууд хэлж байгаа юм. Тийм учраас газар нутгаа хайрлан хамгаалж байгаа нэрийдлээр өөрсдөө олз хайх юм бол хуулийн өмнө зохих ёсны хариуцлага хүлээх нь байна гэдгийг аль аль шатандаа анхаарвал зохилтой.

 

Аливаа юм хуулийн хэм хэмжээнд явах ёстой. Ам хэлтэй, ууртай омогтой нь ч юмуу, дарга гэсэн нэртэй нь ч юмуу, ер нь бидний хэн маань ч тэр яам газраасаа олгогдсон тусгай зөвшөөрлийг дураараа яриад цуцлуулж болно гэж хуулинд нэг үг байтугай нэг үсэг ч заагаагүй гэдгийг мэдээд авчихмаар юм шиг. Харин тэр ашигт малтмалын тухай хуулиндаа хэрэв нэмэлт өөрчлөлт оруулахаар болдог юм бол тэнд оршин суугчид болоод нутгийн иргэдийн саналыг жаахан ч гэсэн харгалзаж тусгай зөвшөөрлөө олгодог болчихвол хэн хэндээ хар буруу хал бал багатай юмдаа.

 

НИЙТЭЛСЭН: 2017-09-12 16:18:25