Баян-Өндөр сумын II багийн малчин Г.Батсүхийг малжуулах хөтөлбөрт хамруулахаар болов

Аймгийн Засаг даргын хөдөө сумдад ажиллаж буй албан томилолт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Аймгийн хэмжээнд энэ сарын 3-наас эхлэн цас унаж байгаа нь зуншлага тааруу байсан сумдын хувьд санаа зовоосон асуудал болжээ. Баян-Өндөр сумын Эдрэнгийн нуруу дагасан хэсгээр цасны зузаан 60-100 см болсон байна. Харин тал хээрийн бүстээ арав орчим см зузаан.

Тиймээс аймгийн Засаг дарга Баян-Өндөр сумын хоёрдугаар багийн малчин Галдангийн Батсүхийнхээр зочилж өвөлжилтийн байдалтай танилцлаа.

Г.Батсүхийнх энэ сарын 3-нд нүүж Эмчийн ус хэмээх газар дахь өвөлжөөндөө буужээ. Харин нүүдлийн үеэр цас унаж таараад том охин Бадамаа хүүхдийнх нь хамтаар Баянцагаан суманд айлд үлдээжээ.

Эднийх ам бүл наймуулаа. Нэг хүү нь цэргийн албанд морджээ. Бага хүү нь мал дагавал ам тостоно гээд Политехникийн коллежийг төгсөөд аав ээж дээрээ ирсэн гэнэ. Энэ өвлийг давж нар ногоотой залгавал Батсүхийнх гэдэг айл мал сүргээ өсгөж нутаг усандаа сайхан амьдрах боломж дүүрэн байгаа нь эндээс харагдана.

100 гаруй бог малтай, хараахан өвс тэжээлээ бэлтгэж амжаагүй тухай өрхийн тэргүүн Г.Батсүх ярилаа. Мөн тэрээр яриагаа үргэлжлүүлэн, хэрэв шуурахгүй бол орсон цас сууж мал идэх өвсгүй хэцүүдэж мэдэх юм. Энэ цаснаар манай малын бага жижиг нь хэрдээ л сандаргаад авлаа шүү гэлээ.

Аймаг орон нутаг цөөн малтай боловч мал аж ахуй эрхлэх сонирхолтой өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулж эхлээд байна. Өнгөрсөн онд л гэхэд Илтгээлтийн эзэн хөтөлбөрийн хүрээнд 100 өрхийг малжуулах төсөлд хамруулсан байдаг.

Тиймээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал малжуулах хөтөлбөрт хамруулж 50-аас доошгүй толгой мал олгох боломжтойг хэллээ. Ингэхийн тулд Г.Батсүх өөрийн гараар өргөдлөө бичиж аймгийн Засаг даргад өгөх ёстойг санууллаа. Мөн тэрээр “Мал маллах чин хүсэлтэй хэрнээ малын тоо цөөн, амжиргаанд хүрдэггүй айл өрхүүдээ бид энэ төсөл, хөтөлбөрийн хүрээнд дэмжиж, аж амьдралд нь дэмжлэг үзүүлэхээр зорьж байгаа юм. Танай гэр бүл энэ хөтөлбөрт хамрагдах ёстой өрхийн нэг байгаа учраас та сумынхаа Засаг даргатай холбогдож, эргээд надад заавал хандаарай” гэдгийг хэллээ.

Харин өвс тэжээлийн хувьд сумаасаа болон Баяцагаан суман дахь өвсний фондоос татаж авах боломжтойг сануулав.

 

НИЙТЭЛСЭН: 2018-01-08 09:09:07