ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ЗАЛУУ МАЛЧИН РЭНЦЭНГИЙН НАРМАНДАХ МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

Эрдэнэцогт сумын хоёрдугаар багийн малчин Рэнцэнгийн Нармандах нь 44 настай залуу малчин бөгөөд түүний авга эгч нь МУ-ын хөдөлмөрийн баатар Б.Дорж бол түүний эцэг Рэнцэн нь онц тээвэрчин жолооч ажээ. Хөдөлмөрч удмынхаа түүхийг үргэлжлүүлэн нэр төртэй авч яваа энэ залуугаар нутаг усных нь хөгшид залуус их л бахархаж үнэлдэг юм байна.

02-р сарын 12-нд Улсын аварга малчин болсон Р.Нармандахын шагналыг УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир гардуулахдаа Хөдөлмөрийн баатар авга эгчийнхээ замналыг өөрийнхөө энэ малч ухаанаараа үргэлжлүүлж хөдөлмөрийн баатар болохыг ерөөв.

Энэ үеэр эрхэм хүндтэй шагналаар шагнагдсан залуу аваргадаа аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч, Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар, “Чандмань Баянхонгор” ХК-ний захирал Э.Энхбат болон Эрдэнэцогт сумын удирдлагууд бусад холбогдох албаны төлөөлөл, нутгийн олон хүндэтгэл үзүүлж сайн үгсийг хэлэлцэн, сайхан ая эгшиг түрцгээлээ.

Тэрээр 1992 онд 10-р ангиа төгсөөд шууд мал дээр гарч мал маллан амьдрах болсон ба уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр дүнд 2011 онд сумын аварга малчин, 2014 онд аймгийн аварга малчин болсон ба 2018 онд ийнхүү УЛСЫН АВАРГА малчин боллоо.

Р.Нармандах нь малынхаа үүлдэр угсаа чанарыг сайржуулах зорилгоор шилмэл омгийн хээлтүүлэгч малыг сүүлийн жилүүдэд тавьж хонин сүргээ дийлэнхүйд нь өсгөжээ. Сүргийн бүтцийн хувьд 600 гаруй хонь, 200 орчим ямаа, 250 гаруй үхэр, 200-гаад тооны адуутай.

Малынхаа захыг дагаад өөрийнхөөрөө ажиллаж амьдарч яваа минь миний баяр бахдал. Их сайхан байна. Буянт түмэн сүргийн маань хишиг буян нь юмдаа хэмээх ярих аварга малчин залууд амжилт хүсье.

 

НИЙТЭЛСЭН: 2018-02-14 06:09:00