Баянхонгор аймаг 2028 он хүртэлх Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг баталлаа
 
 
Баянхонгор аймгийн ИТХ-ын гуравдугаар сарын 05-ны өдрийн ээлжит X хуралдаанаар Ногоон хөгжлийн 2028 он хүртэлх хэтийн зорилт, түүний үе шат, ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
 
 
2015 оны 9 дүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхий даяараа 2030 онд хамтран хүрэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг баталсан байдаг. Уг зорилтуудад нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхдээ байгаль орчны нөлөөллийг харгалзан цогцоор нь авч үзэхийг онцолж, ногоон өсөлт нь тогтвортой хөгжилд хүрэх зам хэмээн онцолж нийгэм, эдийн засаг, байгаль орчны гурван тулгуур үзүүлэлтээр тогтвортой хөгжилд хүрэх нь эцсийн зорилго байх ёстойг зөвлөсөн.
 
 
Баянхонгор аймгийн “Ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг боловсруулахдаа дээрх  үзэл санаанд тулгуурлан Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол улсын Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө 2030, “Баянхонгор аймгийг 2016-2025 онд хөгжүүлэх хэтийн зорилт” /2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хуралдсан Аймгийн ИТХ-аар батлагдсан/, “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр” /2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн аймгийн ИТХ-аар батласан/ зэрэг тулгуур баримт бичгүүдийг үндэслэл болгожээ.
 
 
Энэхүү дунд хугацааны бодлогын баримт бичиг нь долоон заалт, 35 арга хэмжээ бүхий  170 үйл ажиллагааг хийхээр туссан байна.
 
 
Ногоон хөгжлийн 2028 он хүртэлх хэтийн зорилт, түүний үе шат, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлж, байгаль орчныхоо онцлогт зохицсон эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалыг  хөгжүүлэх замаар эдийн засгийнхаа өсөлтийг хангаж, ядуурлаас бүрэн ангижирсан, чинээлэг дундаж давхарга давамгайлж,  эдийн засгийн өрсөлдөх чадвараараа бүс нутагтаа тэргүүлсэн аймаг болох хэтийн зорилгыг өмнөө тавьжээ.
 
 
Зорилтын биелэлтийг эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван бүлэг нийт 26 үзүүлэлтээр хэмжиж, үнэлэх юм.
 
 
Уг дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэлэлцүүлгийн шатанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүрэх зорилгод ногоон хяналтыг бий болгох/шинээр баригдаж буй барилга байгууламж, зах зээлд нэвтрүүлж буй бараа бүтээгдэхүүнд ногоон бодлогын хяналтын байцагчийг ажлын хэсэгт оруулах замаар хяналт бий болгох/, монголчуудын уламжлалт зан заншил болох байгаль дэлхийг хүнчлэн үзэж, амьдчилан харьцдаг байх зарчмын саналыг оруулж, төлөөлөгчдийн олонх дэмжсэн юм. Мөн тэрээр тус зорилтыг хэрэгжүүлэх үе шатны ажлын төлөвлөгөөнд тодорхой хэд хэдэн саналыг тусгасан юм. Тухайлбал, Баянхонгор-Баянлиг-Шивээ хүрэнгийн боомтын чиглэлийн авто замын ажлыг хөрсний талхлалтаас сэргийлэх үүднээс барьж байгуулах, Баянхонгор-Архангай чиглэлийн авто замыг улсын чанартай замын ангилалд шилжүүлэх, Баянхонгор-Баянбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг барьж байгуулах, бүх сумын төвийн албан байгууллага, ААН-ийг нэгдсэн инженерийн шугам сүлжээнд холбож, цэвэрлэх байгууламжтай болгох, аймгийн төвийн албан байгууллага, ААН, айл өрхийг нэгдсэн цэвэр, бохир усны системд холбох, эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар малчин өрхийг хангах саналыг оруулав.
 
 
Мөн аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн авто замыг 2020-2022 он, аймгийн нисэх буудлыг Баян-Овоо сумын нутагт нүүлгэн шилжүүлэх ажлыг 2022-2024 он, Баянхонгор хотын төвөөр гол бий болгож, ус урсгах ажлыг 2023-2028 он, иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Номгон хайрхан руу шат барих ажлыг 2019-2020 он, Эрдэнэмандал хайрханыг ногоон болгох ажлыг 2019 онд тус тус хийх саналыг орууллаа.
 
 
Дээрх тодорхой саналуудыг хамтатгаж санал хураалгахад хуралдаанд оролцогсдын олонхийн саналаар уг Ногоон хөгжлийн 2028 он хүртэлх хэтийн зорилт, түүний үе шат, ажлын төлөвлөгөөг дэмжиж баталлаа.
 
 
 “Ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг боловсруулах зайлшгүй шаардлага бий болжээ. Энэ хүрээнд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж гаргасан байна.
 
Уур амьсгалын өөрчлөлт, Олон нийтийн байгаль орчны боловсрол сул, Усны хомстол, Бэлчээрийн доройтол, Орчны бохирдол их байгаа аж.
 
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2018-03-05 10:24:08