БНЭУ-С МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Т. СУРЕШ БАБУ БАЯНХОНГОР АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

БНЭУ-с Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Т.Суреш Бабу 2018 оны 03 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Баянхонгор аймагт албан айлчлал хийлээ.

Элчин сайд Т.Суреш Бабуг аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон түүний Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар хүлээн авч албан уулзалт хийсэн юм.

Уулзалтад элчин сайд хэлсэн үгэндээ “Хоёр орны найрсаг харилцаа 60 жилийн баялаг түүхтэй тэр дундаа Энэтхэг улс Баянхонгор аймагтай хамтран ажиллахдаа таатай байдаг. 2015 онд БНЭУ-ын засгийн газар Монгол улсын засгийн газар хооронд 15 гэрээ байгуулсан. Эдгээр нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, төрийн албан хаагчдыг чадавхижуулах, мэдээллийн технологи, эм бэлдмэл, эрүүл ахуй зэрэг чиглэлүүдэд анхаарна гэж заасан. Мөн Энэтхэгийн засгийн газрын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тэтгэлэгт танай аймгаас энэ жил 10 хүн хамруулах боломжтой. Эдгээр хүмүүс нь төрийн албан хаагч, англи хэлний багш, мэдээллийн технологийн ажилтан байх ба дунд болон богино хугацаатай байна. Мөн танай аймагт 6-12 сараар сургалт явуулах боловсрол, эрүүл мэндийн салбарын багш, мэргэжилтэнг урьж авчирч болно. Хоёр орны иргэдийн харилцааг хөгжүүлэх нь нэн чухал бөгөөд соёлын арга хэмжээ, соёлын солилцоо бол нэг нэгнээ таньж мэдэхэд чухал алхам болно. Тиймээс энэ төрлийн арга хэмжээг хамтран зохион байгуулах нь зүйтэй” гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянхонгор аймгийг сонгож албан айлчлал хийж буйд талархалаа илэрхийлээд цаашдаа БНЭУ-тай малын эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах талаар туршлага судалж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Т.Суреш Бабу Баянхонгор аймагтай Энэтхэг улс бүх тал дээр хамтран ажиллах боломжтой хэмээгээд Монгол улс Энэтхэг улсын засгийн газраас 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авсан. Энэ зээлнээс орон нутагт ажлын байр бий болгох жижиг төслүүдэд дэмжлэг үзүүлэх боломжтой мөн өөрийн улсаас нүдний мэс заслын эмч нараа ирүүлэх буюу мөн манай эмч мэргэжилтэнг богино хугацаагаар Энэтхэг улсад явуулж сургаж болно гэлээ.

Уг уулзалтын дараа элчин сайд ноён Т.Суреш Бабуг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь Сүлдэн тэнгэр хоршооны “Торлон” нарийн боовны үйлдвэр, “Баян жаргант хүнс” компаний хиаман цех зэрэг жижиг дунд үйлдвэрийн газрууд мөн Нэгдсэн эмнэлгийн нүд, хүүхэд, уламжлалт эмчилгээний тасгуудаар орж танилцууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-14 05:26:08