Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн явцтай танилцав
 
 
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аликс Хайкинс болон холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд Баянхонгор аймагт айлчиллаа. Тэд энэ удаагийн айлчлалаар НҮБ-ын Хүүхдийн сан, Баянхонгор аймагтай хамтран дөрвөн жилийн турш хэрэгжүүлэх Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн явц ямар байгаатай танилцаа.
 
Тэднийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа талаарх мэдээллийг өгөв. Үүний зэрэгцээ харилцан санал солилцож цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээн дээр байр сууриа нэгтгэлээ.
 
Энэхүү хөтөлбөр нь Баянхонгор аймгийн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.
 
Манай улсын Гадаад харилцааны яамнаас НҮБ-ын Хүүхдийн сангаас санал болгож буй Хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн хувьд энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэхийн сацуу аймгийн Засаг дарга нар Засгийн газартай байгуулдаг гэрээнд хүүхдэд ээлтэй байдлаар ажиллах зүйл, заалтыг оруулахад өөрийн зүгээс анхааран ажиллана гэдгийг хэллээ.
 
Мөн тэрээр, “Эцэг эх, олон нийт хүүхэдтэй хандах харилцаа, хандлагаа өөрчилж байж хүүхдэд ээлтэй орчин, нөхцөл бүрдэх юм. Тийм ч учраас хэвлэл мэдээлэл олон нийтэд нээлттэй ажиллаж, ажил хариуцаж байгаа хүн бүхэн хүүхдэд ээлтэй орчны талаар ярьж байх ёстой” гэдгийг сануулаад хариуцаж буй яамны зүгээс байж болох бүхий л дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллана гэв.
 
Баянхонгор аймагт 2017 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хөрс суурь үндсэндээ бүрэлдэж, энэ оноос эхлэн бодитой ажлууд хийгдэж эхлээд байна. Баянхонгор аймаг уг хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй Баянхонгор” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, 20 сумын иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, сурагчдын төлөөллөөр хэлэлцүүлж дуусаад байгаа юм.  
 
Аймгийн Засаг дарга Г.Батжаргал уулзалтын эхэнд Баянхонгор аймаг Үдсэн хуулиар олгогдсон хүн бүр эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг орон нутагтаа хангахын төлөө үйл ажиллагаагаа явуулж байгааг онцлоод, энэ оноос эхлэн иргэдийн, тэр дундаа бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдол, утааг бууруулах чиглэлд онцгой анхаарч 500 өрхийн дунд орчин үеийн, утаа багатай уурын зуухыг байгуулах замаар гэр хорооллын айл өрхийг галлагаагүй болгох ажлыг эхлүүлж байгааг хэллээ. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд цэвэр, бохир усны шугамыг бүрэн шийдэж, орчин үеийн, эрүүл, аюулгүй бие засах газруудыг сум бүрийн сургууль, цэцэрлэгт байгуулахаар төлөвлөж байгааг хэллээ. Өнгөрсөн жилүүдэд найман сумын цэвэр усны шугам сүлжээг шийдвэрлэжээ. Энэ тоо ойрын жилүүдэд 19 болж бүрэн шийдэгдэх аж.
 
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр хэрэгжсэнээр Баянхонгор аймаг НҮБ-аас хүүхэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлд санхүүгийн хувьд дэмжлэг авах, хамтран энэ чиглэлд хөрөнгө оруулах боломжийн талаар НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аликс Хайкинсээс тодруулав.
 
Үүний хариуд тэрээр НҮБ нь хөгжиж буй, өөрийн төсвийн хөрөнгөөр дэд бүтцээ шийдвэрлэх боломжтой улс орнуудад хөрөнгө санхүүгийн гэхээсээ илүү хэрхэн хүндээ ээлтэй, хүүхдэд үр өгөөжтэй арга барилд суралцах вэ, хэрхэн хүнээ хөгжүүлэх вэ  гэдэг тал дээр дэмжлэг үзүүлдэг зарчимтай. Уг зарчмын хүрээнд хүүхдэд ээлтэй орон нутгийг бий болгоход арга зүйн туслалцаа, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.
 
Уулзалтын төгсгөлд талууд хөтөлбөрийн ойрын болон хэтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бүхий л талаар харилцан ойлголцож, хамтран ажиллахаа илэрхийлээд, энэхүү хөтөлбөр Баянхонгор аймгийн хүүхэд нэг бүрт хүрсэн, эргээд хүүхэд хамгаалал, хүүхдэд ээлтэй орчноороо улсдаа тэргүүлсэн аймаг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
Дашрамд дурдахад Баянхонгор аймаг Хүүхэд ээлтэй орон нутаг хөтөлбөртэй уялдуулан гурван тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Хүүхдийн эмнэлэг байгуулах юм. Уг эмнэлгийн нэгдүгээр давхарт зөвхөн хүүхдийн үзлэг, оношлогоо шинжилгээг хийдэг амбулатори байрлаж ажиллана. Ингэснээр нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлэхдээ халдварт өвчин авах эрсдэл үгүй болох аж.
 
 
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аликс Хайкинс болон холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд аймгийн Засаг дарга, Засаг даргын зөвлөлийн гишүүдтэй уулзсаны дараа Эрдэм ахлах сургуульд хэрэгжсэн “Тэгш хамруулсан олон нийтийн оролцоот сургууль” төслийн үр дүнтэй танилцав. Мөн тэд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2018-04-10 02:33:58