СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАР 3 ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсанаар 4-р сарын 09-12-ний хооронд Баянхонгор аймгийн 20 сумын Засаг дарга нар аймгийн төвд нэгдсэн сургалт семинарт хамрагдаж байна.

Өнгөрөгч өдөр тэд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөгөөнд оролцож аймгийн зүгээс хэрэгжүүлэх бодлоготой  хэрхэн уялдаж ажиллах талаар дор бүрнээ төлөвлөгөө боловсруулан ажиллахаар болсон бол өнөөдөр ЗДТГ-ын ТЗУХ-ийн зохион байгуулсан  холбогдох хууль, судлах асуудлуудыг нэгтгэсэн нэгдсэн сургалтад хамрагдаж байгаа юм.

Уг сургалтаар 2017 оны төсвийн гүйцэтгэл, аудитын дүгнэлт сэдвээр СТСХ-ийн дарга С.Байгалмаа, Ажлын хэсгийн захирамж, цаг үеийн мэдээллийг ХШҮДАХ-ийн дарга Г.Төртогтох, аймгийн Засаг даргын сумдын Засаг дарга нартай 2018 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээнд тусгагдсан нийгмийн салбарын хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх сэдвээр НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, Орон нутгийн хөгжлийн сан, Хөрөнгө оруулалтын ажлын талаар ХОХБТХ-ийн мэргэжилтэн О.Эрдэнэ-Оюун,  шинээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Сарангарав, удирдах ажилтаны ёс зүй сэдвээр Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд, Шүүхэд мэдүүлэх  эрх, иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар Шүүхийн Тамгын газрын дарга М.Майжаргал, цаг агаарын урт болон богино хугацааны урьдчилсан төлөв байдлын талаар УЦУОШГ-ын синоптик инженер Г.Мөнхцэцэг, мал эмнэлгийн талаарх цаг үеийн мэдээлэл цаашид анхаарах асуудлын талаар ХХААГ-ын МЭ-ийн албаны дарга Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл сургалт хийж байна.

Сургалтын үеэр сумдын Засаг дарга нартай аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч Б.Батсуурь, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар уулзалт хийж сум бүрийн хаваржилт, мал төллөлтийн байдлын талаар мэдээлэл авч сум бүрийн өмнө тулгамдсан шийдвэрлүүлэх шаардлагатай ажлын талаар санал хүсэлтийг нь нэг бүрчлэн сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Сумдын удирдлагуудын хувьд үлийн цагаан оготнод бэлчээр нутаг идэгдсэн, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр таван сум пост гаргасан ба эдгээр постуудыг жигд хэмжээнд  ажиллуулахад бензин шатахуун хангалтгүй  байгааг, төрийн байгууллагын унаа тэрэг, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, зарим сумдад баригдах барилгын зураг төсвийг хийлгэх санхүүжилт, говийн сумдын цахилгаан шугамын доголдол их байгаа тухайгаа ихэвчлэн ярьж байлаа. Засаг дарга Г.Батжаргал сумдын Засаг дарга нараас гарсан санал хүсэлтүүдэд хариулт өгч, заримд нь зөвлөгөө мэдээлэл өгөн, тодорхой бус асуудлыг анхаарч судлахаар боллоо.

Сумдын Засаг дарга нарын сургалт 4-р сарын 11-ний өдөр “Биеийн тамир спортын өнөөгийн байдал, хууль тогтоомж, хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” хөтөлбөрөөр явагдах бол  4-р сарын 12-ны өдөр “Архив албан хэрэг хөтлөлтийн семинар”, 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын нэгдсэн семинарыг холбогдох хэлтсүүд хөтөлбөрийн дагуу тус тус зохион байгуулсанаар сургалт дуусах юм.

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-10 09:59:42