БАГИЙН БАГА ЭМЧ, ТҮРГЭНИЙ ЖОЛООЧ НАРЫН АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН 7 ЖИЛИЙН ДАРАА 2 ДАХЬ УДААГАА БОЛЛОО

Баянхонгор аймгийн Засаг даргын санаачлагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөөгийн хүн амд хүргэн цаг наргүй ажилладаг багийн бага эмч , түргэн тусламжийн жолооч нарынхаа санал хүсэлт, тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонсох, нөхцөл байдлыг нь судлах, зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн ЭМГ, НЭ-ээс багийн бага эмч, түргэн тусламжийн жолооч нарын аймгийн зөвлөгөөнийг 04-р сарын 11-нд зохион байгууллаа.

2012 онд анхан шатны нэгжүүдэд ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийнхээ санал хүсэлтийг аймгийн удирдлагууд анхлан хүлээж авч сонсож байсан бол 7 жилийн дараа энэ үйл ажиллагааг 2 дахь удаагаа хийж байгаа юм.

Зөвлөгөөнд Засаг дарга Г.Батжаргал, ЭМЯ-ны ЭТХ-ийн дарга н.Баттүвшин, ЭМХТ-ийн хүний нөөц бодлого зохицуулалтын албаны дарга Д.Бямбасүрэн, аймгийн ЭМГ-ын дарга А.Ганболд, НЭ-ийн дарга С.Баттогтох болон 14 сумын Засаг дарга   нар оролцож багийн эмч болон түргэн тусламжийн жолооч нартайгаа харилцан зөвлөлдлөө.

 

Аймгийн ЭМГ-аас багийн эмч, түргэн тусламжийн жолооч нараа шинэ мэдлэг мэдээлэлтэй болгох, ажиллах арга барилыг нь сайжруулах зорилгоор яаралтай түргэн тусламжийн 2 өдрийн сургалтыг зөвлөгөөнийг угтаж зохион байгуулсан байна. Тэр бүр сургалт мэдээлэл ажил арга хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаад байдаггүй багийн бага эмч болон жолооч нар эдгээр зохион байгуулагдсан арга хэмжээндээ идэвхийлэн оролцсон гэдгийг нээлтийн үеэр аймгийн ЭМГ-ын дарга А.Ганболд хэлж байлаа.

Зөвлөгөөний эхэнд Засаг дарга Г.Батжаргал иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй, хоёргүй сэтгэлээр зүтгэдэг багийн бага эмч нар, эрдэнэт хүмүүний алтан амь насыг аврах үйлсэд эмч нарынхаа хамт мөр зэрэгцэн зүтгэж  ирсэн түргэн тусламжийн жолооч нартаа чин сэтгэлийн талархал дэвшүүллээ. Аймаг орон нутгийн зүгээс анхан шатны нэгжид төрийн үйл ажиллагаа явуулж буй аливаа боловсон хүчнүүдээ боломж бололцоогоороо дэмжиж ажиллаж байгаа юм. 2012 оноос хойш багийн дарга, эмч мэргэжилтнүүдийн унаа буюу мотоцикль ерөөс шинэчлэгдээгүй байсан бол өнгөрсөн жил 33 багийн эмчийг шинэ унаатай болгосон. Үлдсэн бүх багийн эмч нарыг ирэх 6-н сард 150-с дээш мотортой, том дугуйтай бартаа туулах чадвартай  шинэ мотоцикльтой болгох, багийн эмч нэг бүрийн ажил байдлыг хөнгөвчилж, шуурхай мэдээлэл дамжуулах түгээх боломжоор хангаж мобайл технилогиор хангах болсон тухайгаа Засаг дарга мэдээллээ.

Уг зөвлөгөөнд ЭМЯ-аас тодорхой төлөөлөл оролцсон нь зөвлөгөөний үеэр гарсан санал санаачлагууд тухайн яамныхны сонорт хүрнэ гэдэг хүлээлт зөвлөгөөнд оролцогсдод байсан юм. ЭМЯ-ны ЭТХ-ийн дарга н.Баттүвшин орон нутгийн анхны томилолтоор хөдөөгийн эмч нартайгаа уулзаж байгаадаа олзуурхаж буйгаа яриад багийн эмч нараа бүрэн бүрэлдэхүүнээр нь ингэж цуглуулж чуулж байсан удаа бусад аймгуудад ховорхон байдаг. Иймээс энэ боломжийг та бүхэн маань сайтар ашиглаж санал нэг бүрээ тодорхой гаргаж тавиарай, бид ажил хэрэг болгохыг зорино гэлээ.

Өнгөрсөн жил Баянхонгор аймгийн эх нярайн эндэгдэл нэгийг ч гаргаагүй ба олон чадварлаг эмч мэргэжилтнүүд малчны хотонд хагалгаа хийж эрдэнэт хүний амь нас аварсан, онгоцонд төрөх дөхсөн эх нярайн халуун амь насыг аварсан зэрэг бахдам амжилтыг гаргасан байдаг. Эдгээр бүх амжилтууд багийн эмч нар, түргэн тусламжийн жолооч нартай салшгүй холбогдох ба эрүүл мэнд хэмээх эрхэм нэрээр овоглосон баатарлаг үйлстнүүд маань санал хүсэлтээ яам болон аймгийн удирдлагуудтай чөлөөтэй хуваалцсан юм.

Тэдний ниймгийн хамгаалал хангалтгүй, цалин үнэлэмж маш бага, төрөөс олгосон эмийн хангамж дутмаг, ажиллах орчин муу, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь эдэлгээнээс гарсан, унаа тэрэг хомс, ойр болон алсын дуудлагад хүрэлцдэггүй, засвар үйлчилгээ, солих эд ангийн зардал хангалтгүй, олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсээ төр шагнаж урамшуулдаггүй, эмч сувилагч нарт 5 жилд олгодог нэг удаагийн тэтгэмжийг жолооч нарт бас олгуулдаг болох зэрэг олон хүсэлт саналыг гаргаж байв.

Энэ үеэр Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар анхан шатны нэгж буюу хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа эдгээр хүмүүсийг дэмжих зүйл бол тэдний цалин хангамжийг л нэмэх. Энэ асуудлыг засгийн газар шийдчихвэл энэ л хамгийн том үр дүнг авчирна гэсэн бол Баянговь сумын Засаг дарга н.Эрдэнэбилэг  эмнэлэг эрүүл мэндийн салбарт монопол эрхтэйгээр бараа нийлүүлж түүнийгээ засдаг ААН-г болиулмаар. Нэг тоног төхөөрөмж ирээд хэрэглэгдэж байгаад удахгүй эвдэрдэг. Ингээд засуулая гэхээр  баахан мөнгө нэхдэг  тогтолцоо газар аваад удлаа гэдгийг шүүмжлэлээ.

Энэ мэт олон саналуудыг зөвлөгөөнд оролцогч нар гаргасан бол удирдлагуудын зүгээс зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, гарц гаргалгааг тайлбарлаж, нилээдгүй асуудлыг анхааралдаа авлаа. Тухайлбал Засаг дарга Жаргалант сумын хүн эмнэлэгт хагалгаа хийхэд шаардлагатай байгаа амьсгалын болон мэдээгүйжүүлэлтийн аппаратыг шийдвэрлэхээр болсон бол багийн эмч нарт зайлшгүй байх эмийн нөөцийг тогтоож 2019 оны төсөв дээр суулгуулж өгөхөөр болов.

Мөн иж бүрэн тоноглогдсон туулах чадвар сайтай алсын дуудлагын автомашиныг ЭМЯ-аас аймгийн НЭ-тээ олгуулахаар болсон,  эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисстой ярилцаад хэвтрийн хүнд өвчтэй хүнийг заавал аймаг оруулж ирүүлэлгүйгээр тус байгаа газарт нь зураг бичлэг хийж илгээснээр өвчтөн болон түүний ар гэрийнхэнд явдал суудал үүсгэхгүй хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох, сунгуулах боломжтой болгожээ.

Хөдөө гадаа хатуу өвөл, хахир цагийн салхи шуурганд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө явсаар өөрөө эрүүл мэндээрээ хохирсон олон тохиолдол багийн эмч нарт байна. Тэдний нэг н.Цэцэгээ гуай 30 гаруй жилӨлзийт сумын багийн эмчээр ажилласан ба одоо хорт хавдартай болжээ. Энэ тухайгаа энэ зөвлөгөөний үеэр хоолой зангируулан ярьж олон ч хүний сэтгэлийг хөндөж нулимсыг унагаасан юм. Засаг дарга Г.Батжаргал багийн эмч н.Цэцэгээ гуайн энэ хүнд байдлыг харгалзан үзэж эмчилгээний зардалд нөөц хөрөнгөөсөө нэг сая төгрөг олгохоор боллоо.

Зөвлөгөөний төгсгөлд удирдлагууд  эмийн сан, сахарын аппарат, явуулын цүнх зэргийг  багтаасан бэлгийг багийн эмч нартаа бэлэглэж, шилдэг тэргүүний үйлстнүүдээ алдаршуулан төр засаг, аймаг орон нутгийн шагналаар шагналаа.

Хамгийн хатуу нөхцөлд хамгийн их тэсвэр тэвчээртэйгээр цаг наргүй зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй багийн эмч жолооч нарынхаа цалин хангамжийг нэмэх,  нийгмийн асуудлыг нь анхаарах зэрэг хэд хэдэн зүйл бүхий уриалгын төслийг зөвлөгөөнд оролцогч нар хамтаараа батлав. Уг уриалгад орсон зүйл заалт бүрийг аймгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлсэнээр багийн эмч, түргэн тусламжийн жолоочдын хоёрдугаар зөвлөгөөн өндөрлөлөө.

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-12 09:42:36