“МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ” ТӨСӨЛ БАЯНХОНГОР, УВС, СЭЛЭНГЭ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ

"Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг Баянхонгор, Увс, Сэлэнгэ аймгийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

Төсөл хэрэгжих гурван аймгийн нэг болох Баянхонгороос аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаныхан тус ажиллагаанд оролцож байна.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /TICA/, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран тус төслийг 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх аж.

“Монгол Улсын тогтвортой аялал, жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг нээж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, TICA-ийн Дэд захирал Банчон Аморнчевин, GIZ-ЭТИС хөтөлбөрийн Захирал Штефан Ханселманн нар үг хэлсэн бол төслийн танилцуулгыг Үндэсний хөгжлийн газрын Бүс нутаг, хот байгуулалтын асуудал хариуцсан зөвлөх С.Намжилмаа хийсэн юм. Мөн үеэр Монгол улсад тогтвортой аялал, жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ? сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Тайланд Улсын тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн үзэл баримтлал, туршлага, төслийн стратеги, хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааны болон төсвийн төлөвлөгөө, төслийн ажлын явц, 2018 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Түүнээс гадна төсөл хэрэгжих аймгууд танилцуулга мэдээлэл хийсэн бөгөөд “Баянхонгор аймагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” сэдвээр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын газрын дарга С.Баярмагнай илтгэв.

Сонирхуулахад, Төслийн хүрээнд аялал жуулчлалын байгальд ээлтэй бүтээгдэхүүн болон үнэ цэнийн сүлжээг Монгол Улсын гурван аймагт бий болгох, аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээг хөгжүүлэх, маркетинг хөгжүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлийн ажлууд хийгдэнэ. Мөн орон нутгийн болон аймгийн Засаг захиргааны аялал жуулчлалын төлөвлөлт, аялал жуулчлалын чиглэлийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалын салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээг үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-14 09:58:58