БААЦАГААНЧУУД “ЦАГААН ЭЭЖ”-ЭЭ ТАХИЛАА

Баянхонгор аймгийн Баацагаан сум, тус сумын ИТХ-ын дарга С.Энхтөр, Засаг дарга С.Оюунболд, Намдолчойнхорлин хийдээс хамтран “Бөөнцагаан нуур”, “Монгол бөхийн овоо”, “Дун чулуу”-ны овоог тахилгыг энэ сарын 11-12-ны хооронд зохион байгууллаа. Энэ удаагийн тахилга нь Бөөнцагаан нуурыг тахиж буй эхний томоохон ёслол юм.  Тахилгад аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь тэргүүтэй албаны төлөөлөл, аймгийн ХДТ-ын уран бүтээлчид оролцов.

Тахилгын эхний өдөр буюу энэ сарын 11-ний орой долоон бурхан одны тахилгыг хийсэн.  Эл өдөр нь могой сарын шинийн 27 буюу шарын шашны зүгээс авч үзвэл од эрхсийг тахихад нэн таатай байдаг аж. Энэхүү тахилгыг үйлдэхдээ долоон бурхан одны хэлбэртэй долоон хэсэг гал асааж, арц, хүж асааж,  од нэг бүрд зурхайн үүднээс 12 жилийг хувааж, сүсэгтэн олон өөрийн жилд хамаарах  одыг илэрхийлсэн түүдгийг  тойрон суусан байлаа. Лам хуврагууд оддын сан уншиж, хурсан олон сүүний дээжээ өргөн мөргөл үйлдэж, маани хөгжөөв.

Маргааш нь буюу 12-ны үдээс өмнө нутгийн иргэд Монгол бөхийн овоо, Дун чулууны овоог тус бүр тахилаа.

Гаанжуур хүлгэн судрыг залж, Лам нар тахилга үйлдэн овоонд сан өргөв. Мөн овооны равнай, мандал өргөх зэрэг уламжлалт шашны зан үйлийг үйлдэж, , зул асаан овоонд хадаг, идээ шүүс тэргүүтнийг өргөсөн юм. Баацагаан сумын Засаг С.Оюунболд тэнгэрт өргөх сумыг харваачид өгч, тэнгэрт сумны дуу сонсгох ёсыг үйлдэв. Энэ үеэр уул, усны лус савдгыг баярлуулдаг гэж үздэг тул аймгийн ХДТ-ын уран бүтээлчид морин хуурын ая эгшиглүүлж, уртын дуугаар хурсан олонд мялаалга өргөлөө.

Үүний дараа нутгийн түмний дунд “Цагаан ээж” хэмээн шүтэгддэг Бөөнцагаан нуурыг тахих ёслолыг үйлдэв.

 

Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй, говийн экосистемийн тэнцвэрийг хадгалагч амин сүнс гэж хэлж болно.

Энэ нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөн цагаан нуур хэмээн нэрлэсэн түүхтэй. Бөөн цагаан нууранд 96 зүйлийн шувууд хуран цугладаг, дэлхийд гайхагдсан ховорхон нуур юм. Монгол улсад урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог учраас нутгийн иргэд уг нуурыг хүнчлэн шүтэж, хамгаалж өнөөдрийг хүрчээ. Тиймч учраас энэ удаад нуурын лусад тахилга өргөх ёслолыг эхэнд хийж, лам нар лусын сан тэргүүтэй тахилгын судруудыг  айлдлаа. Мөн энэ үеэр Баацагаан сумын  108 ээж “цагаан ээж”-дээ сүүн цацал өргөж, байгаль дэлхий дэлгэнэж, хүн, малын зоо тэнийхийг сүсэглэн гуйж, залбирлаа.

 Монголчууд энэхүү зан үйлийг үйлдэж байгаль, экологио хамгаалж, хүн байгалийн шүтэлцээг хангаж ирсэн уламжлалтай. Уул овоо тахих зан үйл эрт үедээ бөөгийн ёсоор тахиж ирсэн бөгөөд 16 дугаар зууны үеэс буддын шашны зан үйл болон хөгжүүлж ирсэн түүхтэй. Ариун нандин, тахилга бүхий уул усаа шүтэх монголчуудын уламжлалт зан заншил нь байгаль, хүрээлэн буй орчинтой нягт уялдан зохицсон нүүдэлчин амьдралын соёлын үнэт өв юм.

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулган 2017 оны арванхоёрдугаар сарын 4-9-ний өдрүүдэд БНСУ-ын Жэжү аралд болсон. Энэ чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн "Уул овоо тахих Монгол зан үйл" өвийг ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэсэн юм.

 

Дашрамд дурдахад Баянхонгор аймгийн хэмжээнд нийтдээ 70 гаруй тахилгатай, уул, овоо, газар орон байдаг байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-06-13 09:04:21