"СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР - СУРГАЛТЫН ЧАНАР" СЭДЭВТ БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

2017 -2018 оны хичээлийн жилд Баянхонгор аймагт төрийн өмчийн 29 сургууль, төрийн болон хувийн өмчийн 35 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж СӨБ-д нийт 7890 хүүхэд, ЕБС-д 16703 хүүхэд суралцсан байна.

2017-2018 онд манай аймагт 12-р ангийг 1190 хүүхэд төгсөж ЭЕШ-д 1090 гаруй сурагч оролцосноос тэдний авсан дундаж оноо 487,7 буюу улсын дунджаас 13 оноо дутуу байна.

 

Мөн 2017-2018 оны улсын шалгалтын дундаж үзүүлэлтээс харахад улсын дундаж гйүцэтгэлээр бага боловсрол 76,2%, суурь боловсрол 75,8%, бүрэн дунд боловсрол 82,6%. Гэтэл Баянхонгор аймаг бага боловсрол 69,4%, суурь боловсрол 69,2, бүрэн дунд боловсрол 77,2% шалгагджээ. Энэ нь улсын дундаж гүйцэтгэлд хүрэхгүй байгаа юм. Ингэснээр Баянхонгор аймаг улсын хэмжээнд боловсролын чанараар 21-р байранд жагсаж сүүл мушгин хамгийн муу боловсролын чанартай аймаг болоод байгаа юм.

Багш нарын бага хурлын гол сэдэв энэ буюу боловсролын чанарын асуудал байлаа.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал тус бага хуралд оролцохдоо үгийн эхэндээ би багш хүний хүүхэд. Багш хүний зовлон жаргалыг хар багаасаа л хажуугаас нь мэдэрч мэдэж өссөн. Миний мэдэх "БАГШ ТА" бүх нийгмийг манлайлагч байдаг гэдэг үгийн чанар, үгийн утга Баянхонгорт алдагдсанд үнэхээр харамсаж бас ичиж байна гэв.

Тэрээр Баянхонгор аймгийн боловсролын салбарын үйл ажиллагааг хатуу шүүмжилж БСУГ-ын явуургүй, үр дүнгүй арга ажиллагаа, боловсролын байгууллагын хариуцлагагүй удирдлага, чанаргүй менежер, заах аргын нэгдэл, багш нартай хатуу хариуцлага тооцохоор болжээ.

Удахгүй 9-р сард Засаг даргын зөвлөлийн хурлаар сургууль нэг бүрийн удирдлага, багш албан хаагчдийг оролцуулан боловсролын чанарыг ахиулах, хэрхэх тал дээр талуудын саналуудыг харгалзан хүлээж авч аймгийн хэмжээнд дорвитойхон үр дүнтэй ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Тус бага хуралд ЕБС-ийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч, Заах аргын нэгдлийн ахлагч, багш нарын төлөөлөл бүхий 150 гаруй хүмүүс оролцож багшийн өөрийн сэтгэл, ёс зүй, хандлага дутсан олон жишээг дурдаж, бид бугшиж энэ мэт алдаануудаа дотроо хадгалах биш, ярьж хэлж өөрчилж байж ирээдүйд үр дүн гаргана, үр хүүхдээ ч хөгжүүлнэ хэмээн тодорхой саналуудыг дэвшүүлсэн юм.

Боловсролын чанарын асуудлыг сайжруулахдаа энэ салбарт насаараа ажилласан ахмад, сайн багш нарын арга ажиллагаанаас залуу багш нарт сургаж дадлагажуулах, багш нарыг хөгжүүлэх, хөгжүүлэхдээ тэдний идэвх хичээл зүтгэлийг үнэлж энэ хичээлийн жилд аймгийн боловсролын чанарын түвшинг ахиулахад түлхүү анхаарахаар тогтсоноор багш нарын бага хурал өндөрлөв.

 

НИЙТЭЛСЭН: 2018-08-27 09:11:26