БАЯНХОНГОР АЙМАГТ ОЛОН УЛСЫН БАГА СУРГУУЛЬ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Энэ хичээлийн жилд Баянхонгор аймагт Баянхонгор олон улсын бага сургууль байгуулагдаж эрдмийн баярын өдөр есдүгээр сарын 1-ний өдөр нээлтээ нижгэр сайхан хийлээ. Энэхүү олон улсын жишигт нийцэхээр сургууль байгуулах санаачилгыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Хүрэлбаатар гаргасан гэдгийг тус сургуулийн захирал, Боловсрол судлалын ухааны доктор, Монгол улсын гавьяат багш Ш.Чимгээ үгийнхээ эхэнд онцолж байв.

Энэхүү сургууль нь Баянхонгор аймагт байгуулагдаж буй хувийн хэвшлийн хоёр дахь сургууль гэдгийг ч мөн тодосгож байна. Намираа цэнхэр бороотой, нарны алтан цацрагтай нээлтээ хийсэн тус бага сургуульд долоон багш, нэг сургалтын менежер, дөрвөн ажилтан зэрэг чадварлаг цомхон баг ард түмний үр хүүхдийг сургаж хүмүүжүүлэх үйлсдээ шамдахаар болж буйг захирал Ш.Чимгээ онцолж байв.

 

Энэхүү шинэ сургуулийн эрдмийн баярын эхний жилийн нээлтэд аймгийн засаг дарга Г.Батжаргал, Боловсрол соёл урлагийн газрын дарга М.Мөнхбат, мэргэжилтэн Г.Батбаяр, ахмад багш, хөл бөмбөгийн спортын мастер Л.Шархүү, ахмад багш н.Луумаа нарын ахмад багш нар, Доктор Ш.Чимэгээгээр нэгэн үед удирдуулж явсан Политехник коллежийн багш нар зарим сургуулиудын болон цэцэрлэгийн удирдлагууд, найз нөхөд нь оролцсон байна.

Тус шинэ сургуулийн нээлтэд оролцсон аймгийн Засаг дарга Г.Батжаргал өнөөдөр эх орны болоод хонгор нутгийн өнцөг булан бүрт хүүхэд багачуудын инээд хөөр цалгисан сайхан өдөр гэдгийг үгийнхээ эхэнд тэмдэглээд Баянхонгор аймгийн боловсролын түүхэнд нэгэн алтан хуудас нэмэгдэж олон улсын гэх тодотголтой хувийн сургууль үүдээ нээснээр Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн тоо нэгээр нэмэгдэж 30 сургуультай боллоо. Өөрийн нэрэндээ тохирсон энэ сургууль байгуулагдсанаар Баянхонгорын боловсролд олон улсын жишиг стандартад нийцсэн шинэ өнгө төрхийг бий болгосон, шинэ гэрэл гэгээ цацарсан сургууль болж боловсролын түүхийг зузаалж байгаа гэдгийг засаг дарга тодосгов.

Баянхонгор Олон Улсын сургуулийн нээлтэд оролцсон ахмад багш н.Луумаа, Л.Шархүү нар тус сургуулийн хамт олонд амжилт хүсч үг хэлсэн бол залуу багш н.Сүрэнбадам тус сургуулиас ажлын гараагаа эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлж үг хэлэв.

Аймгийн боловсол соёл урлагийн газрын дарга М.Мөнхбат эрдмийн баярын энэ сайхан өдөр сургуулийнхан анхны нээлтээ хийж, анхны шавь нараа хүлээн авч, анхны мөнгөн хонхны жингэнэсэн дууг сонсон, боловсролын түүх нэгэн шинэ хуудасыг нэмж буй Ш.Чимэгээ захиралтай Баянхонгор ОУ-ын бага сургуулийн хамт олонд баяр хүргэлээ. Мөн тус сургуулийн захирал Ш.Чимгээ манай сургууль тус аймгийн номер нэг сургууль байх болно.

Манай сургуулиас сайн сайхан бүхэн дэлгэрэх болно. Бид ард түмний үр хүүхдийг ямар сурагч болгож бэлтгэдгийг харуулах болно гэлээ. Тус сургуулийн урлагийн боловсролыг Б.Ганчимэг захиралтай хүүхдийн Тэмүжин театрын авьяаслаг багш нар хариуцан ажиллах ажээ. Ийнхүү Хонгор нутагт нэгэн шинэ сургууль үүд хаалгаа нээлээ.

П.Санаадагва

 

НИЙТЭЛСЭН: 2018-09-01 07:04:30