ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН 143 ОЮУТАН БАТЛАМЖАА ГАРДАЖ АВЛАА

Өнөөдөр/2018.09.10/ Улсын Их Хурлын гишүүд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нэрэмжит хоёр дахь удаагийн оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт тэнцсэн оюутнуудтай аймгийн Засаг дарга гэрээ байгуулж, тэдний батламжийг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Энэ удаагийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БОХАА-н Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн М.Билэгт, аймгийн ИТХ-ын дарга Г.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нарын албаны төлөөлөл болон тэтгэлэгт хамрагдсан оюутан залуус оролцлоо.

Монгол Улсын хэмжээнд анх удаа Баянхонгор аймаг санаачилан орон нутагт чухал шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд хөшүүрэг болох, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах, дэмжих зорилгоор зарласан энэхүү тэтгэлэгт оюуныг хамруулахдаа амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн, ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан нэр бүхий 14 их, дээд сургуулийн орон нутагт нэн шаардлагатай мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнууддаа олгожээ.

Оюутан залууст хандаж аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр амжилт хүсч, цагийн юмыг цагт нь хийхийн чухлыг онцлоод, оюутан байх хугацаандаа өөрийн эрдэм мэдлэгийг дээшлүүлж, аймаг, орон нутагтаа хэрэгтэй хүн болохыг захилаа.

Мөн аймгийн Засаг дарга Г.Батжаргал, 800 мянга, нэг сая 300 мянга, хоёр сая төгрөг гэсэн шатлалаар оюутнуудад тэтгэлгийг олгосныг дуулгаад сурлагын амжилтаа ахиулж чадвал тэтгэлгийн хэмжээгээ дөрвөн жилийн туршид ахиулах боломж байгааг хэллээ.

Энэ жилийн тэтгэлгийн материалыг гурван сарын хугацаанд хүлээн авчээ. Уг хугацаанд шинээр их, дээд сургуульд элсэн орох 216, 2017 онд тус тэтгэлэгт хамрагдаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу тэтгэлэгийн хугацааг сунгах хүсэлтээ ирүүлсэн 42, нийт 258 иргэдийн материалыг ажлын хэсэг хэлэлцсэн байна.

Дээрх иргэдийн материалыг хэлэлцээд шинээр их, дээд сургуульд элсэн орох 106, 2017 онд тус тэтгэлэгт хамрагдаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлсэн 37, нийт 143 оюутанд аймгаас тогтоосон жишиг дүнгээр 200.0 сая төгрөгийн тэгтгэлэг олгож байна.

Өнгөрсөн онд 74 оюутанд 120.0 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.

Энэхүү тэтгэлгийн санхүүжилтыг орон нутгийн өмчит “Корунд гео” ХХК гаргаж байгаа юм. Баянхонгор аймгийн хэмжээнд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд олон байдаг ч орон нутгийн өмчит компани төдийлөн байдаггүй. Тэгвэл аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Корунд гео” ХХК-аас орон нутагт орж буй орлогыг нийгмийн сайн сайхан, тэр дундаа боловсролын салбарт зарцуулахаар шийдвэрлэж, ийнхүү биелэлээ олж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2018-09-10 10:14:55