ӨЛЗИЙТ СУМЫН ЗДТГ-ЫН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

Зөвхөн Баянхонгор аймаг гэлтгүй баруун аймгуудын зорчих хэсгийн босго нь болсон Өлзийт сум өдрөөс өдөрт өнгөө засаж байна.

2018 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгасан томоохон ажил бол төрийн албан хаагчдын ажиллах боломж нөхцлийг сайжруулж улмаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг стандартын түвшинд аваачих зорилго байсан. Энэ ч үүднээс 2017, 2018 онуудад Баянхонгор аймгийн бүх багийн дарга нар, багийн эмч нарыг унаажуулж, багийн дарга нарын компьютерийг шинэчилж өгсөн байдаг. Энэ аймгаас сонгодсон их хурлын гишүүдийн зүгээс ч төрийн албаруу чиглэсэн томоохон ажлуудыг тойрогтоо хийсээр байгаа юм.

Энэ онд Баянхонгор аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сумын төрийн байгууллага өнгө төрх, барилга байгууламжаа шинэчилж байгаа нь тус тойргоос сонгогдсон гишүүдийн зүгээс орон нутагруугаа хийсэн томоохон хөрөнгө оруулалт болж байна. Тус хоёр сумын ЗДТГ-ын барилга энэ онд ашиглалтад орхоос Өлзийт сумын ЗДТГ-ын барилга өнөөдөр түрүүлж ашиглалтад орлоо.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, ИТХ-ын төлөөлөгч Д.Ганбаатар, Г.Хоролсүрэн, Хаан банкны салбарын захирал Б.Төмөрбаатар болон агентлаг хэлтсийн дарга, сум орон нутгийн удирдлага, ард иргэд оролцлоо. Мөн тус сумыг үе улиран удирдан чиглүүлж авч явсан Засаг дарга нар болох УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын бие төлөөлөгч С.Цэнд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат, ХХААГ-ын хэлтсийн дарга С.Батаа, Хөдөлмөр урлалын багш Г.Болд нарын таван удирдлага оролцож шинэ байрныхаа нээлтийн түүхийг хамтдаа бичилцлээ.

 

Өлзийт сумын ЗДТГ-ын хуучин барилгын хувьд 1960-аад онд ашиглалтад орж байсан. Барилгын дээвэр, хана, шал муудсаар нилээдгүй хугацааг үджээ. Хэдий засварын ажил хийгддэг ч алсаасаа муудсан барилга төдийлөн арчилгаа авахдаа тааруу байсан гэдгийг тус сумын Засаг дарга Д.Цэдэнсодном ярьж байна.

Тус сумаас сонгогдсон аймгийн хурлын төлөөлөгчдийн хувьд ч үүргээ сайтар биелүүлж байгааг сумын удирдлагууд онцолж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганбаатар, Г.Хоролсүрэн нарын хувьд Өлзийт суманд 15 ажил арга хэмжээ хийж хэрэгжүүлнэ гэж үндсэн чиглэлд тусгагдсанаас өнөөгийн байдлаар 12 ажил арга хэмжээг нь хийж хэрэгжүүлээд байгаа аж.

МУ-ын их хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тойрогтоо хийх ажил, санхүүжилтийн багцад орсон тус барилга нь 850.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй, 1300 м кв талбайтай, нийт 30 өрөө бүхий хоёр давхар шилэн пассадан барилга юм.

Барилгын ажил энэ оны 05-р сарын 01-нд эхэлсэн ба барилгыг орон нутгийн чадварлаг, чанартай гүйцэтгэгч Гал хонгор ХХК, “Би Ай Эм Би” ХХК нар үндсэндээ зургаан сарын хугацаанд чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэж хугацаанаасаа өмнө буюу 45 хоногийн өмнө ашиглалтад оруулж байгаа аж. Тус барилгын зураг төсөл, шийдлийн дагуу хайс, сүүдрэвчийг шинээр хийсэн ба Өлзийт сумын төрийн албан хаагчид эрүүл ахуйн шаардлага хангасан орчин үеийн стандарт түвшинд ийнхүү ажил үүргээ гүйцэтгэхээр боллоо.

Энэ ордон эв нэгдлийн ордон байж, энэ дотор ажиллах төрийн албан хаагчид нь ёс зүйтэй, хариуцлагатай байж, түүгээр үйлчлүүлсэн иргэн нэг бүр нь сэтгэл ханамж дүүрэн байх болтутай.

НИЙТЭЛСЭН: 2018-11-04 07:26:34