ИТХ-ЫН 14-Р ХУРАЛДААНААР 2019 ОНЫГ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ӨВ ТЭГШ ХҮМҮҮЖЛИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

Баянхонгор аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит 14-р хуралдаан 2018 оны 11-р сарын 29-нд буюу өвлийн тэргүүн сарын шинийн 22-ний өдөр  боллоо.

Ээлжит хуралдааныг аймгйин ИТХ-ын дарга Цагааны Отгонбаяр нээж үг хэлэв. Тэрээр аймгийн ИТХурал “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах”, Аймгийн 2019 оны төсөв батлах”, “Аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг төлөвлөх”, “Аймгийн хэмжээнд 2019 оныг Хүүхэд хамгаалал, өв тэгш хөгжүүлэх жил болгон зарлах” зэрэг ирэх оныхоо ажлыг оновчтой төлөвлөх олон чухал асуудлыг хэлэлцэхээр хуран цуглаад буйг онцлоод өнгөрсөн удаагийн хуралдаанаас хойш ИТХ, ГХУСАЗЗ-аас хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч тайлагналаа. Энэ хугацаанд  “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ”-2 залуу гэр бүлийн чуулган, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан                                сэргийлэх нь” хэлэлцүүлэг, “Бага насны хүүхдийг хүчирхийлэлээс ангид байх орчин дэмжих нь” сургалт, Байгаль дэлхийгээ хайрлая-Баянхонгор нутгаа танин мэдэцгээе” танин мэдэхүйн уралдааныг тус тус амжилттай зохион байгуулжээ.

Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Болгар Улсын Русе мужийн захирагч Галин Тодоров Григоров, Бүгд Найрамдах Болгар Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Камен Петров Милков нарын урилгаар Болгар улсад албан ёсны айлчлал хийж , айлчлалын хүрээнд талууд хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашид хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн харилцан ашигтай үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажлыг эхлүүлсэн байна.

            Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар бодлогын чанартай олон баримт бичгийг батлан гаргажээ. Тухайлбал  “Залуучуудын хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөр батлах ”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аймгийн дэд зөвлөл байгуулах”,  Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай, Аймгийн Үндэсний сурын талбайг Хүрээмарал сумын харьяат Улсын мэргэн Л.Ядамсүрэнгийн нэрэмжит болгох тухай,  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд “Тогтвортой хөгжил-Түншлэл” зөвлөл байгуулж, ажиллах журмыг батлах тухай,  Баянхонгор аймгийн хэмжээнд 2018-2022 онд   хэрэгжих ан агнуурын менежментийн төлөвлөгөөг дэмжих тухай, Төрийн болон байгууллагын архив, баримтын хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг хангах аймгийн хөтөлбөр батлах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай, Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох журам шинэчлэн батлах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аймгийн хөтөлбөр батлах тухай, Зорилтот өрхийн болон өрх толгойлсон эцэг, эхчүүдийн хөгжил хамгааллыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, Хүүхдэд ээлтэй орон нутаг аймгийн дэд хөтөлбөр батласан зэрэг олон чухал бодлогын чанартай бичиг баримтуудыг батлан гаргажээ.

           

Ээлжит 14-р хуралдааны хурлын ирц 92,7 хувьтай байсан ба төлөөлөгчид Баянхонгор айгмийн эдийн, засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, 2019 оныг Хүүхэд хамгааллын жил болгох тухай, согтууруулах ундааны журмыг шинэчлэн батлах,  хураамжийн хэмжээг тогтоох , Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам, ЖДҮ-г дэмжих чиглэлээр 2012-2018 онд олгосон зээлийн үр дүн, эргэн төлөлт зэрэг  аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, иргэдийн ажил орлого, эрүүл аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндсэн томоохон есөн асуудлыг хэлэлцэн баталсан юм.

Хурлын эхэнд Баянхонгор  аймгийн Боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг төлөөлөгчид авч хэлэлцлээ.

Бага боловсролын хамран сургалт 100 шахам хувь, цэцэрлэгийн хамран сургалт 90 хувьд хүрчээ

Баянхонгор аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 35, хувийн өмчийн долоо, нийт 42 цэцэрлэгийн 251 бүлэгт 7836 хүүхэд хүмүүжиж байна. 2017-2018 оны хичээлийн жилтэй харьцуулахад хүүхдийн тоо цэцэрлэгийн бүлэгт 126 буюу 2.2 хувиар өсч, СӨБ-ын хамран сургалт 90 хувьд хүрчээ.

Мөн энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын  төрийн өмчийн 29, хувийн өмчийн нэг, нийт 30 сургуулийн 611 бүлэгт өдрөөр 16222, дүйцсэн хөтөлбөрөөр 572 суралцагч сурч байна. Нийт 24 сургууль 27 дотуур байртай.

Суралцагчийн тоогоор авч үзэхэд хамгийн олон сурагчтай нь  “Номундалай” сургууль 2335, хамгийн цөөн сурагчтай нь Баянбүрд, Гашуундэлийн бага сургууль 15 хүүхэдтэй хичээллэж байна. Энэ онд Бага боловсролын хамран сургалт 99, суурь боловсролынх 95.5 хувьтай байгаа бөгөөд 2018-2019  оны хичээлийн жил ЕБС-д 1548 багш, ажиллагсад, үүнээс үндсэн багш 887 байгаа юм.

Аймгийн хэмжээнд 2018 онд насан туршийн боловсролын үйлчилгээг агуулгын таван чиглэлээр /гэр бүл, иргэний, ёс суртахуун төлөвшлийн, гоо зүй мэдрэмжийн, амьдрах ухааны/ зохион байгуулж, давхардсан тоогоор 37 мянга гаруй иргэнд сургалт, 18 мянга гаруй иргэнд нөлөөллийн үйл ажиллагааг явуулжээ.

 

ЭЕШ-ын бэлтгэлийг өөр менежментээр хийнэ

Эл өдөр хэлэлцэх асуудлуудаас ач холбогдлын дарааллаар буюу хамгийн эхэнд аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг төлөвлөх асуудлыг хэлэлцэхээр шийдсэн нь учиртай.

Баянхонгор аймгийн хэмжээнд 2017-2018 онд 12 дугаар ангийг 1190 орчим сурагч төгсөж, ЭЕШ-д 1090 гаруй сурагч шалгагдсанаас дундаж оноо 487.7 буюу улсын дунджаас 13 оноо дутуу, ЭЕШ-ын 11 хичээлийн дундаж үзүүлэлтээр улсын хэмжээнд 21 дүгээр байрт орсон юм. Тухайн асуудал орон нутагт хүчтэй цочроо болж салбарын болон удирлагын хүрээнд хэд хэдэн уулзалт, зөвлөгөөнийг хийсэн бөгөөд цаашид хэрхэн талаар ийнхүү аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэв. Өмнөх жил зургадугаар байрт орсон амжилтаасаа огцом буурсан нь ЭЕШ-ын бэлтгэлийг өөр зохион байгуулалт, өөр менежментээр хийх цаг болсныг харуулж байна хэмээн аймгийн БСУГ-ын дарга М.Мөнхбат хэлж байсан. Тухайн салбарыг анхаарлын төвд оруулж, сурагчдын сурлагын чанарт дорвитой ахиц гаргах шаардлагатай байгаа дээр аль аль тал нэгдэж байлаа.

Баянхонгор аймгийн ИТХ-аас боловсрол, соёлын урлагийн салбарт "Сайн багш" хөтөлбөр, "Хос бичигтэн" хөтөлбөр, "Соёлын ажилтан" хөтөлбөр, "Робокон Баянхонгор" хөтөлбөрүүдийг тус тус боловсруулан, хэрэгжүүлж байна.

Аймгийн БСУГ-ын дарга илтгэлдээ, Багш нарын эрдэм шинжилгээний хурлын аймаг ба улсын уралдаанд судалгаа хийх арга зүйн чадвараараа байр эзэлж, багш, сурагчдын мэргэшлийн онолын  мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилго бүхий төрөлжсөн хичээлийн олимпиадуудад үзүүлсэн амжилтуудыг дурдсан. Сургууль цэцэрлэг, багш нарын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, захиалгат зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, чадваржуулах сургалтыг судлагдахуун тус бүрээр зохион  байгуулж, багш нарын мэргэжил, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлж буйгаа ч танилцуулав.

Мөн тэрээр, Амжилт багагүй ч, чамлалттай зүйлүүд нэлээд бийг дурдаж байлаа. Залуу багш нарын боловсрол мэдлэг дутмаг, мэргэжил дээшлүүлэх боломж төдийлөн хангалтгүй, эцэг эхийн анхаарал халамж сул, хүүхдүүд мэргэжлээ эртнээс сонгон хичээллэдэггүй зэрэг тал талын бэрхшээл ЭЕШ-ын оноонд нөлөөлж буйг онцолж байлаа.

 

Төлөөлөгчид: Асуудал юунд байгааг тодорхойлох хэрэгтэй

Илтгэлийн дараа төлөөлөгчдийн асуулт, санал “хурцхан” өрнөв. МАН-ын бүлгийн дарга Б.Батбаяр, “БСУГ-ын даргын дурдсан зүйлс шалтгаан биш байна. Яг ямар асуудал байгаагаа тодорхой болгоогүй байж цаашид хэрхэх талаараа хэрхэн төлөвлөх юм бэ” хэмээн асуултыг салхийг хагалсан.

БСУГ-ынхан хариулахдаа, “Салбарт маань сайн зүйлс ч байна, саар нь ч байна. Гэхдээ зөвхөн ЭЕШ-ын нэг жилийн дүнгээр бидний ажлыг дүгнэх нь өрөөсгөл. ЭЕШ бол тухайн суралцагч их, дээд сургуульд элсэн орж, суралцах чадвартай эсэхийг шалгадаг болохоос Ерөнхий боловсролын сургуульд юу сурч мэдсэнийг илтгэх шалгуур биш шүү дээ. Зарим аймгийн жишээгээр хэлэхэд ЭЕШ-аас өмнө хэд хэдэн сорилоор шалгалт аваад маш хангалтгүй дүн үзүүлсэн суралцагчийг ЭЕШ-д оруулахгүй байх зохицуулалт ч хийсэн байдаг. Энэ нь нийт дүнд их бага хэмжээгээр нөлөөтэй байгаа. Мөн манай салбарын хөтөлбөрийн тогтворгүй байдал ч үүнд хамаатай. Кембриж, авьяас, цөм зэргээр хөтөлбөрүүд тууштай хэрэгжихгүй, хөдөлгөөнд байдагтай ч холбоотой” гэв.

Үргэлжлүүлэн төлөөлөгчид, Шалтгааныг яг онож тодорхойлохгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан төдийгүй аймгийн БСУГ ажил үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаагаас холбогдох асуудлууд гарч байна гэсэн юм. Мөн цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээ тодорхой, ийм нөхцөл байдал, ийм төсөв мөнгө хэрэгтэй гээд бодитой зүйл байсангүй гэдгийг Ардчилсан намын дарга шүүмжилж байсан.

“ЭЕШ-ын оноогоор улсад сүүл мушгисан нь удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа баг хамт олон буюу аймгийн БСУГ, сургуулиудын удирдлага, менежер, заах аргын нэгдлийн хариуцлагагүй байдалтай холбоотой юм биш үү” гэх асуултанд,

“Манай БСУГ мэргэжилтнүүд бол салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Зарим талаар чамлалттай зүйл байж болох ч олон жилийн дадлага туршлагатай хамт олон. Ер нь Цөм хөтөлбөрийн хүрээнд эзэмшсэн мэдлэгээр ЭЕШ-д хангалттай дүн үзүүлэх боломжгүй. Суралцагч хичээлээс гадуурх, гүнзгийрүүлсэн сургалтаар мэдлэгээ дээшлүүлж, шалгалтанд ордог. Тэгэхээр тухайн сургалтуудын чанарын асуудал ч давхар яригдаж болох” хэмээн БСУГ-ын төлөөлөл хариулсан юм.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Очирбал, “Тоочиж байгаа бэрхшээлүүд чинь зөвхөн манай аймагт л тулгараад байгаа биш шүү дээ. Хөтөлбөр бол улсын хэмжээнд л солигддог, сургалтын программ ч нэг л стандарттай. Нөхцөл байдал яг ижил байхад уралдаант шалгалтанд сүүл мушгисан нь “ноцтой” асуудал шүү” гэж байлаа.

Боловсролын салбарын урт хугацааны бодлогыг боловсруулна

Боловсролын салбарын чанарын гол үзүүлэлт болсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нараас авсан шалгалтын дүн, элсэлтийн ерөнхий шалгалтын 2018 оны дүнгээс харахад аймгийн хэмжээнд боловсролын чанар хангалтгүй түвшинд байгаа нь харагдана. Мөн шалгалтын дүнгээр хангалтгүй дүн авсан багш нарын 90 гаруй хувийг 1-5 жил ажиллаж байгаа багш нар эзэлж байга нь анхаарал хандуулах асуудал мөн болохыг харуулав. Сурагчдын сургалтын чанарт нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь багш нарын ур чадвар муу, аймгийн Боловсрол, соёл, урлагийн мэргэжилтнүүдийн зүгээс багш нарыг удирдан манлайлж хөгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн, аймагт боловсролын салбарын урт хугацааны бодлогын баримт бичиг байхгүй, эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ сурлагын чанарт хандуулах анхаарал эрс суларсан, хүүхдүүдийн өөрийгөө дайчлан сурах идэвх хангалтгүй байгаатай талууд санал нэгдсэн юм.

Ийнхүү Боловсролын салбарын урт хугацааны бодлогын баримт бичгийг Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, иргэдийн оролцоотойгоор боловсруулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар боллоо. Мөн боловсролын салбарт хариуцлага, ёс зүй алдсан, тухайн жилийн үр дүнгийн гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн удирдах ажилтан, мэргэжилтнүүдэд холбогдох хариуцлага тооцож, ур чадварын түвшин тогтоох шалгалтад гурав ба түүнээс дээш удаа хангалтгүй дүн авсан багш нарыг сургаж чадавхжуулах, хариуцлага тооцох, багшлах эрхийг цуцлах зэрэг бодлого зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болов.

“Сайн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш нарыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, багш нарын мэргэжил арга зүйн болон судалгаа шинжилгээ хийх, өөрийгөө хөгжүүлэх, ур чадварыг дэмжиж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, сургалтын технологийн дэвшилтэт арга зүй, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багш нарын нийгмийн хамгааллын асуудлыг шат дараатай шийдвэрлэж ажиллахаар тогтлоо.

 

.

 

ЖДҮ дэмжих сангаас сүүлийн жилүүдэд 1.7 тэрбум орчим төгрөгийн зээл гаргажээ

Хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал Баянхонгор аймгийн хэмжээнд 2012 оноос хойш хэрэгжүүлсэн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл,
хөтөлбөрийн санхүүжилт байв.

Аймаг ЖДҮ-г хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх журам болон Засаг даргын захирамжийн  дагуу 2012 онд таван зээлдэгчид 153 сая төгрөг, 2013 онд 30 зээлдэгчид 672 сая төгрөг, 2014 онд 11 зээлдэгчид 65 сая төгрөг, 2015 онд нэг хүнд хоёр сая төгрөг, нийт 47 зээлдэгч 892 сая төгрөгийг ЖДҮ дэмжих сангаас олгожээ. 19 хүн зээлээ бүрэн төлж дууссан бол 28 хүн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэсэн тооцоо байна.

Улирагч буюу 2017 онд 14 зээлдэгчид 560 сая төгрөгийг ЖДҮ дэмжих сангаас олгожээ. Харин 2018 онд нийт 17 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд нийт 400 сая төгрөгийн эргэн төлөлттэй зээл олгохоос 15 байгууллагад 330 сая төгрөгийн зээлийг олгоод байна. Хоёр байгууллага, иргэний хувьд материалын бүрдэл дутуу тул зээл олгогдоогүй байгаа аж. Мөн 30 өрх хамрагдах “Эрүүл жимсийг өөрийн хашаандаа” зорилтот  төслийн санхүүжүүлэнд  50 сая төгрөгийг  олгосон байна.

Ийнхүү нэгдсэн дүнгээр аймгийн хэмжээнд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 2012-2018 онд нийт 1.797.0 сая төгрөгийн зээлийг 77 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Уг зээлээс 2012-2015 онд олгосон 461.855.5 төгрөгийн 27 иргэн аж ахуйн нэгжийн зээлийн хугацаа хэтэрсэн, хариуцах эзэн тодорхойгүй байна. Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци байгуулагдсанаас хойш олгосон зээл үр дүнтэй, хариуцагч нь тодорхой, зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа дүн гарчээ. Гэсэн хэдий ч Gimex ХХК, Гурван цахир хоршоо, Баялаг номгон ХХК-иудын авсан зээлийн хэрэгжилт хангалтгүй байгаа мэдээ байна.

Төлөөлөгчдийн олонхийн саналаар, “Зээлийг сонгон шалгаруулах комиссыг өөрчилж, бизнес эрхлэгч, иргэд, Төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг түлхүү оролцуулсан комиссыг байгуулах, жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр 2012-2016 онд олгогдсон зээлийн хариуцагчаар Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорацийг ажиллуулах” шийдвэрийг гаргалаа. Мөн төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөртэй уялдуулан 2019 онд аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тогтоож, хэрэгжилтийг хангаж ажиллахаар болсон байна.

Зээл, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд шаардагдах эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах, олгогдсон зээлийн чанар, эргэн төлөлтөд онцгой анхаарч Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорацийн бүтэц орон тоог боловсронгуй болгож, чадавхжуулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалгасан байна.

 

Аймгйин хурлын төлөөлөгчид 2019 оныг “Хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил” болгон зарлалаа.

 “Хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил”-ийн хүрээнд олон ажил арга хэмжээг зохион байгуулах ба үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө батлан олон улсын төсөл хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх юм байна. 

НИЙТЭЛСЭН: 2018-11-30 09:10:00