БАЯНХОНГОР АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ШИЛДГҮҮД ТОДРОВ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНООС ШИЛДЭГ ТАМИРЧДАА АЛДАРШУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймгийн хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөл саяхан хуралдаж бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн сонгож, үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж эхэлсэн билээ.

Тус холбооны шинэ тэргүүнээр ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга М.Баярмагнай томилогдсон бол удирдах зөвлөлийн гишүүдэд аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй хөл бөмбөгийн спортод элэгтэй, сэтгэлтэй 9 хүн сонгогдон тамирчдаа дэмжсэн, тэднийг идэвхжүүлсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байна.

Өнгөрөгч өдөр буюу 12-р сарын 02-нд аймгийн Хөл бөмбөгийн холбооноос энэ оны шилдгүүдээ тодрууллаа. ШИЛДЭГ ДОВТЛОГЧ - Э.Дарьхүү, ШИЛДЭГ ТЭГШ ТОГЛОГЧ - А.Чойжамц, ШИЛДЭГ ХАМГААЛАГЧААР Д.Авирмэд нар шалгарч энэхүү амжилтаа хонгорчуудынхаа өмнө бахархалтайгаар хүлээж авсан юм.

Энэ мөчид ахмад багш, аймгийн хөл бөмбөгийн спортын ууган мастер Л.Шархүү багш Баянхонгор аймагт хөл бөмбөгийн спорт хөгжсөн замнал , түүхийн талаарх дурсамж сэтгэгдлээ хуваалцан, залуу шилдэг тамирчдаа харж омогшож догдолсон сайхан мөч байлаа.

Аймгийн Хөл бөмбөгийн холбооноос ууган мастер Л.Шархүү багшдаа хүндэтгэл үзүүлэн Дурсгалын цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Тус холбооноос 11-р сарын 24-өөс 12-р 01-ний хооронд заалны өсвөр, идэр, насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус амжилттай зохион байгуулсан ба 12-р сарын 02-ний өдөр шилдэг тамирчдаа алдаршуулах хүндэтгэлийн ёслолын арга хэмжээний үеэр аваргуудын шагналыг гардууллаа.

12-р сарын 07-21-ний хооронд Улаанбаатар хотод болох заалны хөл бөмбөгийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Баянхонгор аймгийн шигшээ багийн шилдэг 13 тамирчин бэлтгэлээ хангаад байгаа юм. Тус тамирчдын тэмцээний хувцасны зардлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б. Энхтүвшин шийдвэрлэж өгсөн бол "Залаа цагаан" хоршооны дарга, аймгийн шигшээ багийн тамирчин асан Ж.Найдандорж шийдэж, мөн дээр нь шигшээ багийг 1 сая төгрөгөөр ивээн тэтгэжээ.

Энэ спортыг хүүхэд залуусын дунд түгээн дэлгэрүүлэх аймаг орон нутгийн бодлогын шинж чанартай ажлууд ч явагдаж байна. Тухайлбал ирэх оны үндсэн чиглэлдээ аймгийн удирдлагууд ерөнхий боловсролын гурван сургуулийг хөл бөмбөгийн стандартын зориулалтын талбайтай болгож өгөхөөр тусгажээ.

Энэ мэтээр хөл бөмбөгийн спортыг орон нутагтаа хөгжүүлэх гэсэн олон түмний үйлс дэмээр хүүхэд залуучууд маань хөл бөмбөгийн спортоор цаг ямагт хичээллэх боломж бүрдэж улмаар амжилт ч илүү гарна гэсэн хүлээлт байгаа юм.

 

НИЙТЭЛСЭН: 2018-12-03 04:04:41