ЭРДЭНЭЦОГТ СУМЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРЛОО

2018 оны улс болон орон нутгийн төсөвт төрийн албан хаагчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулах, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг стандарт нөхцөлд аваачих, түүгээр үйлчлүүлэх иргэдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах зорилгоор олон ажлыг тусгасан ба 2018 оны барилга бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад ээлж дараалан орсоор байна.

Эрдэнэцогт сум нь 1000 орчим өрхийн 5000 гаруй хүн амтай Баянхонгор аймгийн томоохон сумдын нэг. Тус сумын хуучин захиргааны хувьд 1958 онд ашиглалтад орж байсан Баянхонгор аймгийн төрийн байгууллагуудын хамгийн хуучинд ордог 60 жилийн настай барилга байсан юм.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын 2018 онд тойрогтоо хийх ажлын багцад орсон томоохон ажил бол Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилгыг шинээр барих ажил байлаа. Уг барилгын ажлыг Ж.Пүрэвсүрэн захиралтай орон нутгийн чадварлаг гүйцэтгэгч “Зүүн Шанд” ХХК өнгөрөгч 8-р сараас эхлүүлж чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэн өнөөдөр буюу өвлийн дунд сарын шинийн 19-ний билэгт сайн өдөр ийнхүү байнгын ашиглалтад оруулж байна.

Эрдэнэцогт сумын нутгийн удирдлагын ордоны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Чандмань Баянхонгор ХХК-ний дарга Э.Энхбат, Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар, ИТХ-ын дарга Б.Энхбаатар болон бусад сумдын удирдлага, газар хэлтсийн дарга нар нутгийн зон олон баяр талархалтайгаар оролцов.

Энэ ордонд хуулийн хүрээнд төрийн үйл ажиллагаа явагдах учир сумын ИТХ, ЗДТГ-аас ХЭЗХ-тэй хамтран ард иргэдээ оролцуулан иргэний танхимдаа анхны хэлэлцүүлгийг зохион байгуулсанаар тэд энэ ордныхоо төрийн үйл ажиллагааг ёс жудагтайгаар эхлүүлсэнийг тодотгоё.

Нутгийн удирдлагын ордоны нийт төсөвт өртөг 1,2 тэрбум төгрөг. Доод давхартаа фитнесс заал, 12 автомашины гражтай нийт 25 өрөө танхимтай зоорийн давхартайгаа нийлээд 3 давхар барилга юм. Тус сумын төрийн албан хаагчид энэ өргөөндөө ажил үүргээ тухтай гүйцэтгэхийн сацуу, ард иргэдийнхээ хамтаар фитнесс танхимдаа эрүүл мэндээ дэмжиж хувилбарт спортоор хичээллэх бүрэн боломж нээгдэж байна.

Төрийнхөө буянаар Түмнийхээ тусаар Эрдэнэцогт сумын төрийн албаны өргөө нь шинэ, эд ахуй тавилга сэлт нь бүрэн шинэчлэгджээ. Энэ сайхан ордонд ажиллагсад гэлтгүй түүгээр үйлчлүүлсэн иргэдийн тохь тух, сэтгэл ханамж өндөр байх нь дамжиггүй юм.

Энэ бүх ажилд их хурлын гишүүн, аймгийн удирдлага, тус сумаас сонгогдсон төлөөлөгчдийн үүрэг оролцоо маш их байсан. Тэдний төлөвлөсөн ажил энд хүрээд өндөрлөхгүй. Ирэх онд орчин үеийн шилдэг шийдэл стандарт бүхий соёлын төвийг энэ суманд барьж байгуулах, сургуулийн их засвар, зам гүүр барих зэргээр сум орон нутгийн ард иргэдийн хөгжил оролцоог дэмжсэн бодит ажлуудыг тэд үргэлжлүүлэн хамтын хүчээр хийх болно.

 

НИЙТЭЛСЭН: 2018-12-26 10:42:35