БААЦАГААН СУМЫН МАЛЧИН Г.БАТДАМБА МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛОВ

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Могой 4-р багийн малчин Гунгаабуугийн Батдамба МАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажилласны хөдөлмөрөө төр засгаараа үнэлүүлж МУ-ын Засгийн газрын шагнал УЛСЫН АВАРГА МАЛЧИН хэмээх эрхэм алдар цол хүндийн эзэн боллоо.

Улсын аварга малчны шагналыг Баацагаан сумын уугуул, УИХ-ын гишүүн М.Билэгт, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь нар 01-р сарын 27-нд хотонд очиж хүндэтгэл дүүрнээр гардуулсан юм.

Улсын аварга малчных “Залангийн Хүнхэр” өвөлжөөндөө өнтэй сайхан өвөлжиж байна. Жилийн дөрвөн улиралд Цайдам хавиар нутагладаг эл малчных хот хороо нь цэмцгэр буянт мал сүрэг нь талд тархан идээшлэж улс , ахан дүүс нь цуглаж баяссан дуу хууртай өнөр өтгөн өдөр  байлаа.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Бат-Очир, Баацагаан сумын удирдлагууд болон ах дүүс, найз нөхөд нь аварга малчиндаа хүндэтгэл үзүүлэв.

Гунгаабуугийн Батдамба нь цэргээс халагдаж ирээд эхнэр Хавхын Оюуны хамт тасралтгүй 30 гаруй жил мал маллан амьдарч байна. Буянт мал сүргийнхээ хишиг шимийг шүтэн бусдынхаа дунд эгэл баргил хөдөлмөрлөж яваа удмын малчин хүн юмсанж. Тэрээр мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлэхийн зэрэгцээ малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх,  ашиг шимийн гарц, хэмжээг нэмэгдүүлэх, ноос, ноолуурын чиглэлийн хээлтүүлэгч мал худалдан авч сайжруулагчаар ашиглах, бэлчээрийн даацад тохируулан мал сүргийг өсгөн үржүүлдэг байна.

Малын эрсдэлийн даатгалд мал сүргээ даатгуулах, өөрсдөө эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдах,  мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, тарилга туулгалт, вакцинжуулалтанд мал сүргээ бүрэн хамруулдаг, жил бүр хоршоогоороо дамжуулан ноос, ноолуур, арьс шир, түүхий эд, мал мах, сүү, цагаан идээ, бүтээгдэхүүнээ үндэсний боловсруулах үйлдвэр болон зах зээлд борлуулдаг, Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг дэмждэг малчин ажээ.

Г.Батдамбынх Жил бүр 200-260 кг тэмээний ноос, 728-848 кг хонины ноос, 142-179 кг ямааны ноолуур бэлтгэж, хоршоогоороо дамжуулж, үндэсний боловсруулах үйлдвэр болон зах зээлд борлуулдаж аж.

Эднийх жилд дунджаар 625-720 эх мал төллүүлж, 625-720 төлийг бүрэн бойжуулахын зэрэгцээ 15150-20150 л сааль сүүг боловсруулан, 6200-9300 л айраг,  560-856 кг ааруул, хурууд, ээзгий, бяслаг, хэвийн ааруул, цөрөм ааруул, 30-36 кг шар тос, 130-158 кг өрмөн тос, ээзгийтэй тос хийж, аймаг, сумын үзэсгэлэн худалдаанд оролцох, зах зээлд борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг аж. Мал төллүүлэх, төл бойжуулах, малын ноос, ноолуур самнах, хяргах, отор нүүдэл хийх, сааль сүү ашиглах, цагаан идээ борлуулах ажилд 3-4 хүнийг түр ажлын байраар хангадаг байна.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ бүрэн хамруулах, мал сүргээ эрүүлжүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг ба сүүлийн 3 жилд том малын зүй бусын хорогдол, төлийн хорогдол гаргаагүй. Бодод шилжүүлснээр 315-383 толгой мал маллаж байна.

“Залангийн хүнхэр” өвөлжөөндөө төллөх малын саравчтай хашаа, сувай малын хотон хашаа, бод малын банзан хороо, өвсний хашаа тус тус барьж ашиглаж байна. “Цайдам” хаваржаандаа төллөх малын чулуун хороо, төллөсөн малын хотон хашаа барьж ашиглаж байна. Бэлчээрийн даацад тохируулан малаа өсгөж, малаа чанаржуулж, бэлчээрээ алсын, холын, ойрын гэж хуваарилан ашигладаг. 2,2 га газар бэлчээр хашиж хамгаалан, хаврын цагт төллөсөн малаа идэшлүүлдэг.

Г.Батдамба нь аймаг, сум, баг, орон нутгаас зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажил, хурал, зөвлөгөөн, өдөрлөг, сургалтанд идэвх санаачлагатай оролцож нийгэмд тустай олон үйл ажиллагааг ивээн тэтгэдэг нийгмийн хариуцлагатай малчин юм.   Эхнэр Хавхын Оюун нь мөн л малч ухаантай,  удам сайтай бүсгүй юм. Эцэг эхээс хориулаа өнөр өтгөн гал голомтоос удмын хөдөлмөрч, тусч зан чанарыг өвлөсөн тэрээр ханийнхаа энэ амжилтын гол түшиг тулгуур гэдэг нь ойлгомжтой. Г.Батдамбынх хоёр хүүтэй. Том хүү Б.Сувд нь эцэг эхийнхээ малч ухааныг уламжлан мал маллаж яваа залуухан өрхийн тэргүүн ажээ.

Тэрээр 1989 онд МХЗЭ-ийн Төв Хорооны “Тэргүүний малчин залуу” алтан медалиар,

1991, 2001, 2011 онуудад Ардын Хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль,

2012 онд “Аймгийн аварга малчин” цол, тэмдгээр,

2016 онд аймгийн “Тэргүүний ажилтан” медалиар тус тус шагнагдаж байжээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт хүч хөдөлмөрөө зориулж, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хөдөлмөрийн амжилтаа Баянхонгор аймгийн Баацагаан сумын Могой 4 дүгээр багийн малчин Гунгаабуугйин Батдамба нь ийнхүү “Улсын аварга малчин” цол, хүндээр шагнагдлаа.

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-29 06:31:37