УУХААНЫ МЭНДБАЯР МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

Баянхонгор аймгийн Жаргалант сумаас улсын хошой аварга малчин төрсөн, улс хотлоороо баясаж бахархсан өдөр билэг дэмбэрэлтэй мөч нохой жилийн сүүлээр тохиолоо.

Энэ л насаараа хань Т.Дашдуламын хамт буянт мал сүргийнхээ захыг даган нуур хатавчийн голоороо нутаглаж ирсэн Монгол улсын аварга малчин УУХААНЫ МЭНДБАЯР гуай улсын хошой аварга хэмээх эрхэм цол тэмдгээ нутгийн зон олныхоо халуун баяр бахдал дунд УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Лхагваагийн ЭЛДЭВ-ОЧИРООС гардаж авсан юм.

Уухааны Мэндбаяр гуай жолооч мэргэжилтэй. 4 сайхан хүүхдийн эцэг хүн. Аавынхаа хөдөлмөрч малч ухааныг хүүхдүүд нь сайтар өвлөн авсаны илрэл бол нэг хүү нь аймгийн аварга малчин байхад нөгөө хүү нь сумын мянгат малчин болсон байх юм.

Хошой аварга маань хүмүүнлэгийн үйлсэд гар сэтгэл таталгүй оролцдог нэгэн. Тэрээр нэг үе улаан загалмайн хороонд суурь хонь буюу 100 хонь нэг дор хандивлаж явсан хүний төлөөх гэгээн үйлс бүрт халуун сэтгэлээр оролцож явдаг тусч нинжин сэтгэлтэй нэгэн нутгийнхан ихэд ам сайтай.

Зөвхөн Жаргалант гэлтгүй зэргэлдээ Заг зэрэг сумдын төрийн болон ТББ-иудын үйл ажиллагаанд хандив дэмжлэгийг тогтмол үзүүлдгийн зэрэгцээ У.Мэндбаяр гуай нэг үе 2000 хүртэл толгой мал тоолуулж явжээ. Сүүлийн жилүүдэд малын чанар, үржил слекцдээ дорвитой анхаарч байгаа тэрээр төр засгаасаа хөдөлмөр бүтээлээ хоёрдахь ийнхүү удаагаа үнэлүүллээ.

Энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон сумын удирдлага, үр хүүхдүүдээс улсын хошой аваргадаа хүндэтгэл үзүүлсэн юм.

Улсын хошой аваргатай болсон Жаргалтайн дэлгэр Жаргалант нутгаас ирэх олон жилүүдэд улсын хэмээх тодотголтой үйлс хөдөлмөрийн сайчууд олноороо төрөн гархын өлзийтэй ерөөл өргөе

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-29 07:58:00