УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ГАЛУУТ СУМААС УЛСЫН ХОЁР АВАРГА ТӨРЛӨӨ

Улиран одож буй нохой жилд улсын тэргүүний Галуут сумаас улсын хоёр аварга төрж нутгийн зон олныхоо баяр талархалыг хүлээж байна.

 

Галуут сумын малчид төлчдийн зөвлөгөөн нэгдүгээр сарын 27-нд болсон ба энэ үеэр улсын аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар гардууллаа.

Улсын аварга малчны өндөр босго болзлыг тус сумын 6-р багийн малчин Цамбажавын Даваасүрэн, Улсын аварга саальчны өндөр их нэр хүндийг Мандал багийн малчин Цэнджавын Лхагвасүрэн нар  нөр их хөдөлмөр бүтээлийнхээ үр шимийг энэ өдөр их хурлын гишүүнээсээ хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа.

МУ-ын аварга малчин Цамбажавын Даваасүрэн анх Эвлэлийн Төв Хорооны илгээлтээр Галуут сумын 3 дугаар бригадад үржлийн 600 бог авч маллан хожим нь Монгол Улсын анхны гавьяат малчин болсон өөрийн төрсөн ах Ц.Шаравын туслах малчнаар ажилснаар, мал маллах уламжлалт арга ухааныг сурч хариуцсан малаа сайн маллан тухайн үеийн сум орон нутгийн удирдлагуудад үнэлэгдэн сайшаагдаж цаашид улам сайн ажиллаж мал сүргээ өсгөх урам зориг орж байсан гэнэ.

1982 онд Байдрагийн сангийн аж ахуйн Улсын аварга малчин Лхамхүүгийн охин Даваажаргалтай гэр бүл болж 10 хүү төрүүлж 7 хүү нь эрүүл энх амьдарч байгаагийн 6 хүү нь аав ээжийнхээ малч ухааныг өвлөн уламжлалт мал маллах арга ухаанд суралцан мал маллаж байна. Одоо эхнэр Л.Даваажаргал, хүү Д.Сонсохбаясгалан,Д.Бумансан, Д.Буманбаяр нарын хамт ам бүл 5-уулаа амьдардаг ажээ. 


1983 онд нэгдлийн 1200 хурга хариуцан маллаж тарга тэвээрэг сайн авахуулан сумын “Тарга хүчний аварга” болж тухайн жилдээ “Тэргүүний залуу” алтан медалиар шагнагдан ихээхэн урамшиж малаа улам сайн маллах хүсэл зорилготой болжээ.

Өөрийн мал маллагааны арга туршлагаа 6 хүүдээ болон залуу малчдад сургаж эзэмшүүлсэн бөгөөд түүний шавь нараас Б.Дэлгэржаргал аймгийн “Сайн малчин”-аар, Ж.Мөнхбаатар, Л.Даваадорж нар сумын “САйн малчин”-аар шалгарсан байна.

Эрдэнэт мал сүргээ үр төлөөр нь өсгөж аймаг, сум орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаагийн зэрэгцээ сүүлийн 3 жилд бод 67, бог 653, нийт 720 толгой малыг олон нийт болон залуу малчдад хандивласан байна.

2018 онд гэр орон нь шатсан Д.Дагвадоржид иж бүрэн гэр, шинээр гэр бүл болсон Насанбуянд 20 хонь өгсөн зэрэг олон үзүүлэлтээрээ Улсын аварга малчны өндөр болзлыг ийнхүү хангажээ.

Тэгвэл үхэр сүргийнхээ идээ цагаа сүү саалийн болзлыг хангаж Улсын аварга саальчнаар Галуут сумын Мандал багийн малчин Цэнджавын Лхагвасүрэн шагнагдлаа. Тэрээр хань Х.Сандагсүрэн үр хүүхдүүдийнхээ хамт нутгийн зон олныхоо өмнө УЛСЫН АВАРГА СААЛЬЧИНЫ эрхэм цол, цом хүндэтгэл үнэмлэх тэмдэгээ хүлээж авсан юм.

Улсын аварга саальчин Ц.Лхагвасүрэн нь 1975 онд Коммунизмын төлөө нэгдэлд гишүүнээр элсэн орж анх 20 үнээ авч саальчингаар ажил амьдралын гараагаа эхлэж байжээ. Тэрээр тухайн үеийн нийгэм цаг үеийн сүү саалийн ажилд зарласан социалист уралдаанд үргэлж амжилт гаргаж оролцож байснаас гадна төлөвлөгөө нормоо үргэлж давуулан биелүүлдэг байжээ. Үүнээс гадна цөцгийн тос, масло тосыг цохиж үйлдвэрлэж байсан өрхийн орлогоо нэмэгдүүлдэг, ажилч хичээнгүй, арга барил сайтай арвин саальчин юм. Хань Х.Сандагсүрэнтэйгээ 1977 онд гэр бүл олж гурван хүү, 2 сайхан охины эцэг эх болжээ. Одоо дөрвөн хүүхэд нь тус тусын амьдрал хөөсөн ч бүгд буянт малаа адгуулан маллаж малчин хэмээх эрхэм адраар гоёж явцгаана.

 

Ц.Лхагвасүрэн нь хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, өөрийн эрхэлсэн ажил үйлсээрээ залуу үедээ үлгэр дуурайлал болдог ажилч хичээнгүй арвин их туршлагатай саальчин юм.

1992 оноос 2000 оныг хүртэл хувиараа Цөцгийн тос, масло, тосыг тухайн үеийн зах зээлийн ханшаар хэрэглэгчдэд нийлүүлж жилд 150 кг масло үйлдвэрлэж байсан сааль сүүний өгөөж үр ашгийг үлэмж нэмэгдүүлсэн байдлаараа ийнхүү улсын аварга саальчин боллоо.

Улсын тэргүүний Галуут сумаас ийнхүү хос аварга түүхэндээ анх удаа төрсөнд нутгийн зон олон ихэд баяртай билэгшээл дүүрэн байна. Үйлс хөдөлмөрөө төр засгаараа үнэн мөнөнөөр үнэлүүлсэн эгэлгүй хөдөлмөрч улсын аваргууддаа мөн гэр бүлд нь сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-30 03:49:50