“Амиа хорлох болон бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 21, 22-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тус аймгийн Прокурорын газраас санаачлан 2018 онд Баянхонгор аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтын байдал, шалтгаан нөхцөлд хийгдсэн судалгаанд үндэслэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Амиа хорлох болон бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 21, 22-ний өдрүүдэд зохион байгууллаа.

            Сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулах болсон хэрэгцээ шаардлага нь тус аймгийн Прокурорын газраас 2018 оны эрүүгийн нөхцөл байдлыг судлахад амиа хорлолт 46,3 хувиар өссөн, бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон гэмт хэргийн тоо 18 бүртгэгдсэн нь өмнөх оноос 13-аар буюу 72,2 хувиар өссөн, түүнчлэн 2017, 2018 онуудад 16 насанд хүрээгүй хүүхэд төрсөн, үр хөндүүлсэн 102 гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг бүртгэн Цагдаагийн байгууллагаар шалгуулснаас 92-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа байдал тогтоогдсон байна.

            Иймээс амиа хорлох тохиолдлыг бууруулах, хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болох эрсдлийг гаргахгүй байхад шат шатны байгууллагууд, албан тушаалтнуудад арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахын тулд зөвлөгөөнийг зохион байгуулсан.

 Зөвлөгөөнд  Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн ахлах прокурор, судлаач, Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал Ph.D Б.Өнөрмаа “Монгол Улсын хэмжээнд амиа хорлох болон бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж буй шалтгаан нөхцлийг судалсан суурь судалгааны дүн”-г танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдод энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, хуулийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад дээрх төрлийн гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар сургалтыг зохион байгуулсан нь  үр дүнтэй ажил боллоо.

            Сургалт, зөвлөгөөнд хуулийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагч нар болон аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбар, бүх сумдын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, Боловсрол соёл урлагын  газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд  оролцлоо.

            Зөвлөгөөнөөс сум, баг, сургуулийн болон эрүүл мэндийн газрын  нийгмийн ажилтан, боловсролын байгууллагааас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт явуулахдаа  гэр бүл, нийгэм,сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхэдтэй харьцахдаа тухайн хүүхэд зан харьцааны өөрчлөлт орсон эсэхийг ажиглахад , хууль сахиулах болон хуулийн байгууллагуудаас  энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдтэй харьцахдаа ашиглах зорилгоор зөвлөмж гарган хүргүүлэхээр тогтож, цаашид тус Прокурорын газраас дээрх хийгдсэн ажлын үр дүнг сум бүрт тооцож, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллахаар боллоо.

НИЙТЭЛСЭН: 2019-03-29 07:01:29