Аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүллээ

Бүгд Найрамдах Улс тунхагласны 92 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан  Баянхонгор аймгийнхаа нийт ард иргэдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

 

Тусгаар улсаа тунхаглан зарлаж, дэлхийн цээжнээ Монгол хэмээх нэрийг  чангаар дуурсгасан энэхүү тэмдэглэлт өдрийг түүхийн аль ч үед мартах учиргүй.

 

Энэ утгаараа энэ сарын 18-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр мөн хэмээн дахин тунхаглаж, тэмдэглэж байхаар болсонд талархалтай хандаж байгаагаа илэрхийлье.

 

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, тусгаар улсынхаа халдашгүй дархан байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулснаар өнөөгийн ардчилсан, чөлөөт зах зээлийн харилцаатай, ард иргэд нь өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонгох сонгогдох эрхээ эдлэх үндэс суурь тавигдсан юм.

 

Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн асуудал ч бидний тусгаар улсаа тунхаглан зарласан түүхтэй салшгүй холбоотой юм. Баянхонгор аймаг нь Улсын Бага Хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор 16 сум, 41,8 мянган хүн амтай байгуулагдсан бол эдүгээ 20 суманд 83 мянган хүн ам оршин сууж байна.

 

Туурга тусгаар улсын түүхэн замналтай аймгийнхаа нийт иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх, ажилтай орлоготой байлгахын төлөө аймгийн үе үеийн удирдлагууд хичээн ажиллаж ирсэн. Бид ч мөн  орон нутгийнхаа өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаарх бодлого, мөрийн хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байна.

 

Аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийн болон хүний хөгжлөөрөө улсдаа тэргүүлэх аймгуудын нэг болох зорилтыг дэвшүүлсэн юм. Дэвшүүлсэн зорилтдоо хүрэх ажлуудаа ч хийж эхлээд байна.

 

Бид иргэнд ойр, нээлттэй төр засгийн үйл ажиллагааг төгөлдөрүүлж, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээж ажиллах болно.

 

Цаашид монгол улсын төр, монгол хүний ёс жудгийн үндсэн зарчмуудыг тууштай хэрэгжүүлэн, аймаг, орон нутгийнхаа тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, ололт амжилтуудыг бэхжүүлж, иргэдийнхээ эрх ашиг, эв нэгдлээ дээдлэн эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх нь Та бидний эрхэм үүрэг, үндсэн зорилго болж байна. Энэ эрхэм үүрэг зорилгоо та бид хамтдаа хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

Баянхонгорчууд та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

НИЙТЭЛСЭН: 2016-11-26 11:27:05