Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдав

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдав

Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөл 60 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.

 

  • Иргэний өргөдөл
  • Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт
  • Хуулийн этгээдийг цахимжуулахад шаардлагатай төсөв
  • 2015 оны төсвийн төслийн тухай

 

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх иргэд хүлээн авах төвд ирүүлсэн эмчилгээний зардал хүссэн 2 иргэний өргөдлийг хэлэлцэж иргэн н.Оюумаад эмчилгээний зардалд зориулж 200.000 төгрөг, иргэн н.Цэрэндашд мөн эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс тус, тус олгохоор шийдвэрлэв.  

    Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтыг аймгийн ЗДТГ-ын нягтлан бодогч Т.Энхдалай танилцуулав. Гамшгаас хамгаалах сургууль зохион байгуулахтай холбоотой тусгагдсан зардлын үр дүнгийн талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Т.Мөнхбаатар зөвлөлийн гишүүдэд хариулт өглөө.

    Хуулийн этгээдийг цахимжуулахын ач холбогдол болон шаардлагатай төсвийн задаргааг Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ё.Пүрэвдамба танилцуулж хэлэлцүүлэв. Хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлага байгааг 2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгын дүн харуулсан байна. Одоогийн эрх зүйн орчинд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, олон шат дамжлага зарцуулдаг байна. Жил ирэх тутам ачаалал нь нэмэгдэж буй энэ ажлыг цахим хэлбэрээр хийвэл төвөг чирэгдлийг багасгахаас гадна төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох тогтолцоо цаасгүй, шуурхай хэлбэрт шилжиж, хуулийн этгээдийн бүртгэлийн цахим сан бий болох гэх мэт олон хэлбэрээр эдийн засаг, иргэдийн цаг хугацаанд өгөөжөө өгнө гэж үзсэн байна.

    Уг ажлыг гүйцэтгэхэд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 7 хоногийн 6 өдөр сунгасан цагаар ажиллаж байгааг дуулгалаа. Иргэд шаардлагатай мэдээлэл лавлагаа авахын тулд УБХэлтсээс 5000 төгрөгөөр гаргуулдаг бол, төрийн үйлчилгээний цахим машин болох “ТҮЦ” машинаар 1000 төгрөгөөр 8 нэр төрлийн лавлагааг гаргуулах боломжтой болж төрийн үйлчилгээ хүндрэлгүй болсоныг мөн онцолсон юм. Хуулийн этгээдийг цахимжуулах ажил 7-9 дүгээр сард бүрэн дуусах юм байна.

    Засаг даргын зөвлөлийн гишүүд дээрх асуудлыг ард иргэдэд хэрэгтэй, чухал асуудал тул шаардлагатай байгаа 5.3 сая төгрөгийг аль нэг эх үүсвэрээс санхүүжилтыг шийдвэрлэхээр тогтлоо. Сүүлийн асуудал болох 2015 оны төсвийн төслийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Болдбаатар, мэргэжилтэн Ц.Дагвадорж нар танилцуулав.

Б.Баяр

НИЙТЭЛСЭН: 2016-02-12 00:28:43