“ШАРГАЛЖУУТ ОПЕН-2016” АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА

 

Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, Шатрын спортын Их мастер Цэгмидийн Батчулууны нэрэмжит “Шаргалжуут опен-2016” тэмцээн Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан, сувилалд энэ сарын 7, 8, 9-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Улсын шилдэг шатарчдыг нэг дор цуглуулж чадсан  “Шаргалжуут опен-2016” тэмцээнийг Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийн Шатрын холбоо, Шатрын их мастер Ц.Батчулууны төрсөн нутаг Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ, Шаргалжуут рашаан сувилал хамтран зохион байгууллаа.

Тус тэмцээнд спортын мастер, түүнээс дээш зэрэг цолтой монголын шатрын спортыг өнгөлж буй 42 тамирчин оролцож 65 өрөг нүүлээ. Тамирчдын дунд Монгол Улсын найман удаагийн аварга, МУГТ Б.Хатанбаатар, Их мастер Б.Гүндаваа нарын улсын шилдэг шатарчид багтсан юм.

Үндсэн буюу сонгодог төрлийн тэмцээнд 42 тамирчин Швейцарь системээр долоон өрөг тоглоход Сүлд спорт хорооны тамирчин, спортын мастер С.Билгүүн түрүүлж, ТЕГ-ын Илч спорт хорооны тамирчин, FIDE мастер У.Насанжаргал удаалж, МОНГЕН клубын шатрын багш, дэд мастер Амгаланбаатар гуравдугаар байрт оржээ. Мөн МОНГЕН клубын тамирчин, спортын мастер Галмандах, Өвөрхангай аймгийн тамирчин, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга Б.Гүндаваа нар дараах байруудыг эзэлсэн байна.

Тэмцээний үеэр блиц тоглолтыг зохион байгуулжээ. Нийт 24 тамирчин Швейцарь системээр есөн өрөг тоглож, дүнгээ гаргахад есөн өргнөөс долоон оноотой их мастер Хатанбаатар тэргүүлж, их мастер Гүндаваа, ОУ-ын мастер Мөнхгал, FIDE мастер Гүнбаяр нар  удаалжээ.

“Шаргалжуут опен-2016” тэмцээнд оролцсон тамирчдад шагналыг Баянхонгор аймгийн Засаг дарга, тус аймгийн Шатрын холбооны тэргүүн Г.Батжаргал гардуулж, баяр хүргэв. Тэрээр хэлсэн үгэндээ, “Энэхүү тэмцээнд оролцсон шатарчид  монголын шатрын ертөнцийн өнгийг тодорхойлж буй шилдгүүд юм.

Тийм ч учраас энэ удаагийн тэмцээн улсын чанартай болж байна. Бид энэхүү тэмцээнийг Шатрын их мастер Ц.Батчулууны нэрэмжит болгон зохион байгуулсан нь учиртай. Ц.Батчулуун Монгол Улсын шатрын түүхэнд төрөн гарсан гурав дахь их мастер. Өөрийн оюун ухаан, уйгагүй хөдөлмөрийнхөө хүчээр дэлхий дээрх 1000 хүрэхгүй цөөхөн шатарчдын нэг болж чадсан. Ийм хүн Баянхонгороос төрөн гарсанд бид бүхэн бахархахгүй байхын аргагүй.

Батчулууны гаргасан энэ амжилтын замаар манай нутгаас олон арван залуу шатарчид төрөн гарч, амжилтад хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ хүрээнд бид улсынхаа болон Олон улсын шилдэг шатарчдыг нэг дор цуглуулсан тэмцээн, уралдааныг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Шатар бол оюун ухааны хаан спорт. Энэ спортоор хичээллэсэн хүн маш сайн төлөвшилтэй, аливаа асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхэд суралцдаг” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Баянхонгор аймгаас их мастер Ц.Батчулууны араас ОУ-ын хэмжээний мастер Ц.Мөнхчулуун, Отгонжаргал, Бумбаяр нарын олон шатарчид төрөн гарч байгааг зохион байгуулагчид хэлж байв. Цаашид улс, тив, дэлхийн их мастеруудыг төрүүлэхэд энэхүү тэмцээний ач холбогдол оршиж байгаа аж.

Шатрын их мастер Ц.Батчулуун өмнө нь Монголын бүх ард түмний сфартикатын аварга, Монголын Улсын гурван удаагийн аварга, өсвөрийн шатарчдын зургаан удаагийн аварга, Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байрын эзэн болж байжээ. 

Тэмцээний гурав дахь өдөр Баянхонгор болон Өвөрхангай аймгийн шилдэг шатарчдын тав дахь удаагийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. Хоёр төлөөс арав, арван шатарчид тус бүр дөрвөн өрөг тоглож, хожлын тоогоор аваргаа шалгаруулдаг байна. Эл нөхөрсөг тэмцээнийг өмнө нь дөрвөн удаа зохион байгуулж, гуравт нь Баянхонгор аймгийн баг, тамирчид түрүүлж байжээ. Тав дахь удаагийн нөхөрсөг тэмцээнд Баянхонгор аймгийн баг тамирчид түрүүлж хоёр аймгийн хожлын тооны харьцаа 4:1 боллоо. 

Тус хоёр аймгаас Монгол Улсын шатрын спортын энэ цагийн шилдгүүд төрөн гарсан байдаг байна. Тэгвэл Монгол Улсын шатарчид дэлхийн чансаагаар 180 гаруй орноос эхний 50-д эрэмбэлэгдээд байгаа аж.

 

Аймгийн Засаг даргын дэргэдэх Хэвлэл, мэдээллийн алба

НИЙТЭЛСЭН: 2016-10-10 10:31:55