Аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүллээ

Дэлхийн болон Монголын багш нарын баярын өндөр энэ сарын 8-ны амралтын өдөр тохиолоо. Багш нарын баярын хурлын үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт хандаж үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Баянхонгор аймгийн боловсролын салбарын чанар, хүртээмжийг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр тодорхойлно. Энэхүү өндөр үүрэг, хариуцлагыг үүрч, Баянхонгорын ирээдүйн боловсон хүчин, эрдэмтэн мэргэдийг бэлтгэн ажиллаж буй үе үеийн ачтан багш нартаа Дэлхийн болон Монголын багш нарын баярын мэндийг дэвшүүлж, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

 

Би багш хүний гэр бүлд өсч, хөгжиж, төлөвшсөн иргэн учраас багшийн хөдөлмөрийн хүндийг мэдэх юм. Багшийн мэргэжил таван хүнд хөдөлмөрийн цогцолбор гэж би боддог.

 

Нэгдүгээрт, багш өөртэйгээ ажиллаж, өөрийгөө өдөр тутамдаа өсч хөгжүүлэх ёстой болдог. Хоёрдугаарт, шавийг сургах буюу шавийг ном эрдмийн төлөөх сэтгэл зүрхтэй болгож, тэдэнд оройгүй мэдлэгээс зааж сургах ёстой болдог. Гуравдугаарт, шавийг хүн төлөвшилд хөтлөх буюу сурах явцад хүн болоход нь тусладаг. Дөрөвдүгээрт нийгэмтэй харьцах буюу иргэний үүргийг суулгаж өгдөг. Тавдугаарт, багш хүн өөрөө энэ их ажлынхаа хажуугаар гэр бүлийн гишүүний үүргээ биелүүлэх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, ханиа халамжлах ёстой. Ийм хүнд бөгөөд хариуцлагатай таван хөдөлмөрийг хийж байдаг хүмүүс.

 

Тийм ч учраас аймгийн Засаг дарга, ИТХ-аас мөрийн хөтөлбөрөө баталж гаргахдаа багш нарынхаа идэвх, оролцоог үнэлэх, өөртөө тавих шаардлагыг нь сайжруулах үүднээс “Багш” хэмээх бодлогын баримт бичгийг энэ оны сүүлчээр аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлахаар баримт бичиг боловсруулалтын шатандаа явж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 100 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Хэдийгээр их мөнгө боловч ирээдүй хойчийнхоо төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт гэж харвал их мөнгө биш ээ.

 

Багш бүрийн зааг ялгааг гаргаж, шилдэг сайн багшийг шагнаж орон нутгийн төсвөөс шагнал цалин олгодог байх, хариуцлагагүй ажиллаж байгаа багштай хариуцлага тооцдог байх бодлого, ажлыг бид хийхээр төлөвлөж байна. Хүүхдийг цэцэрлэгээс нь эхлэн авьяас чадварыг нь нээх зорилгоор хүүхдийн ухаан, сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэгдсэн үндэсний онцлогтой тоглоомын үйлдвэрийг байгуулж, аймгийн бүх цэцэрлэгийг хангах болно.

 

Хүн амын нягтаршил, өсөлттэй холбоотойгоор сургуулиудын ачаалал ихэсч, анги дүүргэлт хэтэрч сургалтын үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар ирсэн. Тиймээс аймгийн төвийн тавдугаар сургуулийг ашиглалтад оруулах, зургадугаар сургуулийг шинээр барих, Номгон ахлах сургуулийн барилгыг шинээр барих замаар нэг ангид суралцаж буй хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн. Мөн бид монгол бичиг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, “Хос бичигтэн аймаг” болох,, орос хэл, англи хэл, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг сургуулиудад нээхээр төлөвлөж байна.

 

Үүний зэрэгцээ Баян-Овоо суманд биеийн тамирын төрөлжсөн сургалттай сургуулийг ирэх хичээлийн жилээс нээж ажиллахаар төлөвлөлөө. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж эрдэмтэн багш та бүхэн шавь нартаа сургадаг.Тиймээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан ажлыг амжилттай хэрэгжүүлж, боловсролоороо улсдаа тэргүүлэх аймаг болоход та бүхний хүчин чармайлт нэн чухал учраас та бүхэн хичээж ажиллаарай.

 

Шинэ зууны Монгол улсын хөгжлийн хурдасгуур, манлайлагчид, боловсролын чанарын шинэчлэлийн түүчээ болсон бүтээлч, оюунлаг БАГШ нартаа хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

 

 

НИЙТЭЛСЭН: 2016-10-10 10:40:03