ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧДОД ҮЙЛЧЛЭХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Энэ сарын 8-нд Баянхонгор аймагт Япон улсын Засийн газрын буцалтгүй тусламжаар “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйлчилгээний байр” буюу Баянхонгор аймаг дахь жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзээлэх нэг цэгийн үйлчилгээний төв нээлтээ хийж, ашиглалтад орлоо.

 

Тус байрны нээлтэд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэд захирал Ч.Золжаргал, тус төвийн Баянхонгор аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Ариунаа, Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яамны нэгдүгээр Нарийн бичгийн дарга Фукаво Хироши, Өвсний Үндсэн хөтөлбөрийн зохицуулагч Э.Уянга, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд  нарын албаны төлөөлөл оролцлоо.

 

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал тус төвийн барилгыг нээж хэлсэн үгэндээ, “Нийтдээ 170 орчим сая төгрөгийн санхүүжүүлтээр босч буй Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн аймаг дахь салбарын санаачлагыг орон нутаг дэмжиж газрыг олгож, Нэг цэгийн үйлчилгээний төвийн урсгал зардал болох 70 сая төгрөгийг орон нутгийн орлого бүрдүүлж орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр аймгийн ИТХ-ын ээлжит 14-р хуралдаанаар шийдвэрлэж байсан юм.  

 

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” үйл ажиллагаа явуулснаар аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн болон Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай гээд олон хуулиудын хэрэгжилт хангагдана. Цаашид аймаг, орон нутгийн зүгээс Нэг цэгийн үйлчилгээний төвийн гадна тохижилт үйлчилгээнд анхаарч ажиллана” гэдгийг илэрхийлж байв.  

 

Тус төвийн байрыг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бол НҮБ-ын Хүн амын сангаас хүний нөөцийн сургалтаар хангаж, үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Цаашид Баянхонгор аймгаас тус төвийн үйл ажиллагааны зардлыг хариуцаж, тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллах юм. Тус төв үйл ажиллагаагаа эхлүүлсэнээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх дарамж багасхын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллээс болж хохирогсдын тоо буурна гэж албаныхан үзэж байна.

 

2016 оны есдүгээр сарын байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 24 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тиймээс энэ төвийн барилга ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлсэнээр хүчирхийлэлд өртөж, бие сэтгэлээрээ зовж яваа олон хүний тулах цэг болно гэж үзэж буйгаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Ариунаа хэлж байлаа.

 

Хүчирхийлэлд өртөж шаналагсад холбогдох байгууллагаар явж зөвлөгөө авна гэдэг нь өөрөө дарамтай асуудал болж хувирдаг байна. Зөвлөгөө авах газрууд нэг дор байрлаагүй байдгаас хохирогчид цаг хугацаа алдах, хүчирхийлэл даамжирах нөхцөл бүрддэг аж. Тиймээс эрүүл мэнд, сэтгэл санаа, хууль эрхзүйн туслалцааг нэг дор нэгтгэж чадсанаараа энэхүү төвийн ач холбогдол өндөр юм. 

 

Аймгийн Засаг даргын дэргэдэх Хэвлэл, мэдээллийн алба

НИЙТЭЛСЭН: 2016-10-10 12:16:15