Г.БАТЖАРГАЛ: ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАДНА ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ ДААМЖРАХААС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэж байна. Уг хуралдааны нээлтэд аймгийн Засаг дарга Г.Батжаргал үг хэллээ.

 

Эрхэм Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга аа,

 

Урилгаар хүрэлцэн ирсэн эрхэм төлөөлөгчид өө, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс албадын дарга нар аа,

 

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

 

Аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлийг боловсруулахдаа Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны yйл ажиллагааны хөтөлбөр, Баянхонгор аймгийг 2016-2025 онд хөгжүүлэх хөгжлийн бодлого, Баянхонгор аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй нягт уялдуулан аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, газар албад, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, аймгийн ард иргэдийн саналыг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан авч тусган боловсрууллаа. Хэдийгээр улс орны болоод аймгийн түвшинд санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа ч орон нутгийн нөөц бололцоог илүү дайчилсан, хөрөнгө мөнгө гэхээсээ илүүтэй үйл ажиллагаанд чиглэсэн бүтээлч үндсэн чиглэлийн төсөл болсон гэдэгт итгэлтэй байна.

 

Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь

 

 Нэг. “Баянхонгорын иргэд – Баянхонгорын баялаг” зарчмыг удирдлага болгосон нийгмийн бодлого,

 

Хоёр. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх эдийн засгийн өсөлт, үйлдвэржүүлэлтийн бодлого,

 

Гурав. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг тогтвортой нэмэгдүүлэх зарчим баримталж, таваарлаг мал сүрэгтэй, эрчимжсэн газар тариаланг хөгжүүлж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин ногоон хөгжлийн бодлого,

 

Дөрөв. Үйлдвэрлэл үйлчилгээг тэтгэсэн, иргэдийнхээ эрэлтэд нийцсэн дэд бүтцийн бодлого

 

Тав. Авлигаас ангид, нээлттэй, ил тод, улс төрөөс ангид, шударга ёс, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсыг эрхэмлэж ард түмнээ дээдэлсэн, мэргэшсэн, хариуцлагатай ардчилсан төрт ёсыг бэхжүүлсэн засаглал, гадаад харилцаа, нийгмийн аюулгүй байдлыг хангах бодлого гэсэн нийт 5 бүлэгтэй бөгөөд эдгээрийн хүрээнд 2017 онд хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилтийн хэмжээ, хөрөнгийн эх үүсвэр, хариуцах байгууллагыг тусгаснаас гадна үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээ нь урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдаж байгааг харуулсан.

 

“Баянхонгорын иргэд – Баянхонгорын баялаг” зарчмыг удирдлага болгосон нийгмийн бодлогын хувьд аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаанд үндэслэн насан туршийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг түлхүү зохион байгуулах, иргэдийг бүлэг хоршоо, компаний хэлбэрээр зохион байгуулалтад оруулж үйлдвэрлэл үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлж амьжиргааг нь дэмжих, “Хот айл”, “Шинэ хөдөө” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх замаар орон нутгийн иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахад түлхүү анхаарсан.

 

Боловсролын салбарын хүрээнд аймгийн хэмжээнд цэцэрлэгүүдийн тоог нэмэгдүүлэх, шаардлагатай цэцэрлэгүүдийн байрыг өргөтгөх, төр хувийн хэвшлийн байгууллагуудыг өөрийн харьяаны цэцэрлэг байгуулах асуудлыг дэмжих бодлого барьж багш солилцоо, “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд багш, суралцагсдын түвшин тогтоох шалгалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулах замаар багш нарын түвшин тогтоох шалгалтын дүнг дээшлүүлэх, урамшуулдаг болох асуудлыг тусгасан.

 

Эрүүл мэндийн тусламж  үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл амьдрах таатай  боломжийг бүрдүүлсэн эрүүл мэндийн бодлогын хүрээнд “Элэг бүтэн Баянхонгор”, “Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөр, “ Ухаалаг усан сан” төсөл, “Эмч, эмнэлгийн ажилтан”, “Агаар хөрсний бохирдолыг бууруулах”  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, “Идэвхтэй хөдөлгөөн –урт нас” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн.

 

Хүний хөгжлийн нэг чухал үзүүлэлт бол соёл урлаг, биеийн тамир спорт гэж үзэж Өлзийт, Баянговь, Бөмбөгөр, Баацагаан, Галуут сумдын соёл урлагийн өдрийг аймагт зохион байгуулах, Төрийн соёрхолт, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Болор цом” яруу найргийн наадмыг аймагтаа зохион байгуулах, Үндэсний спортыг хөгжүүлэх цогц бодлого боловсруулах, “Соёлын ажилтан” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан.

 

Нийгмийн халамжийн салбарт нэн шаардлагатай орон гэргүй болон нэн ядуу бичиг баримтаа авч байгаагүй болон үрэгдүүлсэн сунгалтаа хийлгээгүй 100-аас доошгүй иргэнийг бичиг баримтжуулах, хөдөлмөр магадлалын комиссын хурлыг бүсийн сумдуудын хэмжээнд улиралд нэг удаа хийх, “Ахмадаа ачлая”, “Өрх толгойлсон эцэг эхийн нийгмийн хамгааллыг хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр зорилт тавьсан.

 

“Шинэчлэлийн” гэх Засгийн газрын алдаатай бодлого, буруутай үйл ажиллагаа, хяналтгүй зарцуулсан их хэмжээний мөнгөнөөс шалтгаалж, эдийн засаг хямарч, инфляци, валютын ханш өссөн нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, иргэдийн амьдрал доройтон, улс орны аюулгүй байдалд нөлөөлөхүйц өрийн дарамт өнөөдөр бидэнд тодорхой хүндрэлүүдийг үзүүлж байгааг та бүхэнд хүргүүлсэн  төсвийн төсөл, аймгийн нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй танилцахад тань мэдэгдэх байх.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар эдийн засагт бий болсон хүндрэл, бэрхшээлийг даван туулах эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлснээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тэнцвэрт байдлыг хангах, боломжит хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэн эдийн засгийн өсөлтийг тогтвортой түвшинд хадгалахыг зорилт болголоо. Энэ зорилтын хүрээнд аймгийг үйлдвэржүүлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлж эхлэх, малчид жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх “Хадгаламж зээлийн хоршоо” байгуулах, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, “Ажилсаг төв-үйлдвэр технологийн парк”-ийг ашиглалтад оруулах, “Нэг уурхай – нэг үйлдвэр” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж сумдын өрхийн үйлдвэр эрхлэгчдийг жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг зорилт тавьсан.

 

Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын хүрээнд “Тогтвортой амьжиргаа-3”, “Органик хүнс” төсөл боловсруулах, “Монгол мал” хөтөлбөрийн 2 дугаар шатны зорилтуудыг хэрэгжүүлэх, “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, аймгийн төвөөс 50 км радиус дотор эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлэх зорилтыг түлхүү сурталчлах, мах сүүний чиглэлийн үхрийн 5-аас доошгүй, гахай тахианы 3-аас доошгүй, 200-аас доогүй үхэр, 50-аас доошгүй гахай, 500 –аас доошгүй шувуу үржүүлж эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг дэмжих, нийт багийн 20-оос доошгүй хувийг “Мал хамгаалах, бэлчээр сайжруулах сан”-тай болгохоор төлөвлөсөн.

 

Ашиглалтын болон нөхөн сэргээлтийн талбайд бичил уурхай эрхлэгч иргэдийг ажиллуулах гурвалсан гэрээ байгуулах замаар 300-аас доошгүй иргэнийг түр ажлын байраар хангах, ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өлзийт чиглэлийн автозамын дагуу 5 км-ээс доошгүй ойн зурвас байгуулах, аялал жуулчлалын бүсийн голлох үзмэрүүдэд хүргэх замын тэмдэглэгээг байрлуулж, түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, үйлчилгээний газруудын мэдээлэлийг багтаасан аялал жуулалчлалын цаглабар хийхээр төлөвлөсөн.

 

Иргэдийнхээ эрэлтэд нийцсэн дэд бүтэцийг бий болгох хүрээнд байрнуудын гадна пасад, орц, бохирын шугамыг шат дараатай солих, “Эко автобус” төслийг явуулах, аймгийн төвд нэн шаардлагатай байгаа үерийн усны хамгаалалтын далангийн зураг төсөл хийлгэх, сумдын төвүүдийг инженерийн нэгдсэн шугам сүлжээтэй болгох асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж дулааны нэгдсэн системийг нэвтрүүлэх журам боловсруулах, Баянлиг, Баянговь, Шинэжинст сумдын чиглэлд үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийхээр тусгасан.

 

Эдийн засгийн хямралаас гадна засаглалын хямрал нүүрлэсэн нөхцөл байдлыг цаашид даамжрахаас сэргийлэн ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тийм учраас аймгийн удирдах ажилтнуудын “Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах нь” зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд сумдын Засаг дарга, Хурлын дарга, Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, байгаль хамгаалагч нар, аймгийн төвийн төрийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан зохион байгууллаа. 

 

Төрийн албан хаагч бид хонгор нутгийн  ард иргэдийн итгэлийг эвдэж, зүтгэлийг үл ойшоож хувийн  эрх ашиг, маргаанаас болж аймаг, сум орон нутгийн эрх ашгийг хохироож, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байгаа явдалтай Та бид хэрхэвч эвлэрч таарахгүй. Төрийн байгууллага нь даргалдаг, дарамталдаг, зөвшөөрөл олгож хүнд суртал гаргадаг бус нийгэмд тэгш, хөнгөн шуурхай, хуулийн хүрээнд ажилллдаг тогтолцоог бий болгох зорилтыг тавьж байгаа.

 

Иймд төрийн албан хаагч бүрийн ажлыг тодорхой тооцоо судалгаатай ажилдаа эзний ёсоор сэтгэлээсээ ажил хэрэгч ханддаг байх шаардлага тавьж байна.

 

Төрийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр боловсруулах замаар төрийн алба хаагчдын төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, төрийн байгуулагын үйл ажиллагааг олон улсын ISO стандартад шилжүүлэх, цахим хурлын тоног төхөөрөмжөөр бүх сумдыг хангах замаар зөвлөлгөөн уулзалтыг цахим хэлбэрээр хийх замаар төсөв хэмнэх, багийн дарга нарын Цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын 330, 340 дүгээр тогтоолын дагуу Гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг нилээдгүй ажлыг хийж хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлийн төсөлд тусгасныг дэмжинэ гэдэгт итгэж байна.

 

Эрхэм төлөөлөгчид өө,

 

Урилгаар оролцож байгаа эрхэмүүдээ,

 

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлогын чанартай зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төлөвлөж буй 2017 оны аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлийг та бүхэнд тараасан учир ерөнхий агуулгын талаар товч илтгэхэд ийм байна. 2017 оны тухайд сонгуулийн бүрэн эрхийн хугацааны гарааны жилд маш олон ажлыг цаг алдалгүй хийж, амжуулах, бодлогын чанартай гол ажлуудыг зөв гольдирлоор эхлүүлснээр бидний цаашдын ажил амжилттай урагшлахын үндэс болно.

 

Төлөвлөсөн ажлуудаас өнөөдрийн байдлаар ихэнх асуудал хэрэгжих шатандаа байгаа ч цаг хугацааны хувьд, хөрөнгө санхүүгийн хувьд хүлээгдэж байгаа ажлууд цөөнгүй байна. Зохион байгуулж байгаа ажил, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, хоосон цаасаар хариу барих, ажил хэрэг дээрээ суларч очих, арга саам хийгээд өнгөрөх, шаардахгүй бол хариу мэдээлэхгүй байх зэрэг хэнэггүй, наазгай байдал гарч байгааг зориуд цохон хэлмээр байна. Иймд бүх удирдах албан тушаалтан, ажил хариуцсан хүмүүс хариуцлагаа бүрэн ухамсарлаж санаачлагатай, шинэ санаа, шинэ арга барилаар ажиллахыг зөвлөж бас даалгаж байна.

 

Хийж хэрэгжүүлж буй ажлуудад өгөх бодитой дүгнэлт, үнэтэй санал зөвлөгөөг бид хүлээн авч хэрэгжүүлэхэд бэлэн байна.

 

Анхаарал тавьсанд баярлалаа. 

 

Хурлын хуралдаанд амжилт хүсье.

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2016-12-02 16:51:50