Сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал сумдын Засаг дарга нартай 2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа.

 

Гэрээний зорилго нь тухайн сумын Засаг даргаас аймгийн Засаг даргын гүйцэтгүүлэх ажлын ач холбогдол, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, төсвийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, гүйцэтгэх ажлын талаар аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын харилцан үүрэг хүлээх, хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж дүгнэх замаар тус сумд төсвийн санхүүжилтээр үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байна.

 

Нэг жилийн хугацаанд хүчинтэй байх уг гэрээнд аймгийн Засаг дарга сумын Засаг даргаас төсвийн санхүүжилтээр захиалж, гүйцэтгүүлэх арга хэмжээ болон сумын Засаг даргаас хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд тавих шаардлага, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх болзол, бусад нөхцлийг тусгажээ.

 

Гэрээтэй холбогдох харилцааг Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, , Шилэн дансны хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль,тухайн салбарын үйл ажиллагааг зохицуулах болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулжээ.  

 

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал үр дүнгийн гэрээ байгуулсан сумдын Засаг дарга нарт ажлын амжилт хүсээд сумынхаа нийт иргэдийн аж амьдралыг сайжруулах, ажилтай орлоготой болгоход онцгой анхаарч ажиллахыг захив. Тэрээр цааш нь "Та бүхэн сумандаа гэрээгээр хүлээсэн үүрэг, төрд өргөсөн тангарагийннхаа дагуу ажил үүргээ амжилттай хийж гүйцэтгэхийн зэрэгцээ нэг жилд төрийн туслалцаа дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа доод тал нь 20 өрхийн аж амьдралыг бодлогоор дэмжиж ажиллаарай. Ингэж чадвал сая та бид ард иргэдийнхээ хайр хүндлэлийг хүлээж, төрийн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм шүү. Хийе гэсэн хүнд арга зам нээлттэй байдаг. Хүн ардынхаа сайн сайхны төлөө, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хөлөө хүрэх газар явж, хийж болох бүхий л арга хэмжээг авч ажиллаарай. Төрийн нэрийг төлөөлж суугаа та бидэнд муу байх, чадахгүй, мэдэхгүй гэж хойш суух эрх байхгүйг хатуу сануулж байна" гэлээ.  

НИЙТЭЛСЭН: 2017-01-23 20:37:06