Г.БАТЖАРГАЛ: 2018 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУССАН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭ БҮР ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСЭРТЭЙ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ

 

Аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Тус хуралдаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргалын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Аймгийн ИТХ-ын эрхэм төлөөлөгчид өө,

Аймгийн ИТХ-ын эрхэм дарга аа,

Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, хэлтэс, газар, агентлагуудын дарга, урилгаар оролцогч эрхэм нөхөд өө,

Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Миний бие аймгийн Засаг даргын хувиар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшх хугацааны хоёр дахь жилийн аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг хэрэгжүүлэх  үндсэн чиглэлийг өргөн барьж хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.

Энэхүү бодлогын баримт бичгийг нэгдүгээрт аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн стратегийн хөтөлбөрийг 30 хувиас доошгүй хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж эхэлсэн байх, хоёрдугаарт аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын 75 хуваас доошгүй хувийг заавал эхлүүлсэн байх, гуравдугаарт аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгогдсон тойрогтоо аймгийн үндсэн чиглэл, төсөвт тусгасан зайлшгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын саналыг авч эрэмбэлэх замаар үндсэн чиглэлд тусгах гэсэн гол шаардлагын хүрээнд боловсруулсаныг онцлон тэмдэглэе.

Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл нь нийт таван бүлэг, есөн зүйлийн хүрээнд 244 зорилтот ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр өргөн бариад байна. Үүнд,

Нэг. Нийгмийн хөгжил, нийгмийн бодлогын хүрээнд:

1.    “Баянхонгорын иргэд-Баянхонгорын баялаг” зарчмыг удирдлага болгон иргэдээ бүх талаар системтэй хөгжүүлэх зорилтын хүрээнд 14 зорилтот ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр,

2.    Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын чанарыг сайжруулж, боловсролын чанарын үзүүлэлтээр тэргүүлэх аймгуудын хэмжээнд хүрэх зорилтын хүрээнд 23 зорилтот ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр

3.    Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлсийг багасгаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл амьдрах таатай боломжийг бүрдүүлсэн бүрдүүлсэн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 22 зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэхээр

4.    Соёл урлаг, биеийн тамир спорт нь хүний хөгжлийн чухал хүчин зүйл хэмээн үзэж бүх талаар дэмжиж хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын хүрээнд 17 зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэхээр

5.    Хүний хөгжлийг дээдэлсэн, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн нийгмийн хамгааллын оновчтой бодлогыг тууштай хэрэгжүүлэх бодлогын хүрээнд 10 зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэхээр

Хоёр. Эдийн засгийн өсөлт, үйлдвэржилтийн бодлогын хүрээнд:

1.    Бүс нутгийн хэрэглээг хангахад чиглэгдсэн томоохон үйлдвэрүүдийг байгуулах, импортыг орлох, гадаад зах зээлд чиглэгдсэн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, үйлдвэржилтийн хувьсгал хийж аймгийн дотооодын нийт бүтээгдэхүүнийг хоёр дахин өсгөж 2000-аас доошгүй иргэний байнгын ажлын байраар хангаж ядуурлыг хоёр дахин бууруулах зорилтын хүрээнд 18 зорилтот ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр

Гурав. Хүнс, хөдөө аж ахуй болон Байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын хүрээнд:

1.    Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг тогтмол нэмэгдүүлэх зарчим баримталж таваарлааг мал сүрэгтэй, эрчимжсэн газар тариаланг хөгжүүлж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой ногоон хөгжлийг бий болгох зорилтын хүрээнд 55 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр

Дөрөв. Дэд бүтцийн хөгжлийн бодлогын хүрээнд:

1.    Үйлдвэрлэл үйлчилгээг тэтгэсэн иргэдийнхээ эрэлтэд нийцсэн дэд бүтцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд 32 зорилтод ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр

Тав. Засаглал, гадаад харилцаа, нийгмийн аюулгүй байдлын бодлогын хүрээнд:

1.    Авлигаас ангид, нээлттэй, ил тод, улс төрөөс ангид, шударга ёс, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсыг эрхэмлэж ард иргэдээ дээдэлсэн, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангасан мэргэшсэн, хариуцлагатай ардчилсан төрт ёсыг бэхжүүлэх бодлогын хүрээнд 53 зорилтот ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр  тус тус тусгалаа.

Эрхэм төлөөлөгчид өө,

Дээрх бодлого, ажил арга хэмжээг хэрэгжүүлснээр 2018 оны зургадугаар сард аймгийн ИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж буй аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн хэтийн зорилтын үр дүнг илэрхийлэх үзүүлэлтүүд буюу эрхэм төлөөлөгчид та бүхний байнга хянаж байх ёстой “МАЛГАЙ” үзүүлэлтүүд 2018 оныхоо зорилтот түвшинд хүрнэ гэж тооцоолж байна.

Эцэст нь, 2018 оны үндсэн чиглэл нь хөгжлийн бодлого төлөвлөлт, Монгол Улсын хуулинд бүрнээ нийцсэн билээ. Аймгийн Аудитын газраас нийцлийн аудит хийлгэж түүнээс гарсан санал зөвлөмжийн хүрээнд боловсруулагдсан нь урьд жилүүдийн хөгжлийн бодлогын баримт бичгээс үйл ажиллагаа тус бүр тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэртэй гэдгээрээ онцлог юм.

2018 онд хэрэгжүүлэхээр зорьж буй зорилтот арга хэмжээнүүдийн нийт 36 тэрбум 190 сая гаруй төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  5 тэрбум 232 сая гаруй төгрөгийн өртөг бүхий 45 ажил нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр, 520 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 14 ажил нь замын сангийн хөрөнгөөр, нэг тэрбум 383 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 ажил нь Орон нутгийн төсвөөр, 910 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 28 ажил нь аймгийн Орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус тус хийгдэхээр тусгагдсан.

Эрхэм төлөөлөгчид өө,

Та бүхэн аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийг хөрөнгө санхүүгийн эх үүсвэр нэмэхгүйгээр төлөвлөгдсөн ажил, арга хэмжээг хасахгүйгээр  хэлэлцэн баталж өгөхийг хичээнгүйлэн хүсэе” гэлээ.

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-12-04 09:05:57