БАЯНХОНГОР АЙМАГТ БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 60 ЖИЛИЙН ОЙ БОЛЖ БАЙНА

 

Баянхонгор сумын түүхт 60 жилийн ойтой таширлаж энэ жил Баянхонгор аймагт барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой тохиож байна. Өнөөдөр тус ойн баярын жагсаал Баганат талбайд боллоо.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, Баянхонгор аймгийн Барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Норов тэргүүтэй албаны төлөөлөл, үе үеийн барилгачид оролцлоо. Баянхонгор аймгийн хэмжээнд барилгын салбарт нийтдээ 40 гаруй ААН 1000 гаруй ажилчинтай үйл ажиллагаа явуулдаг байна.

Баярын жагсаалыг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргал үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, " Өнөөдрийг хүртэл та бид 60 жилийн түүхийг хамтдаа бүтээлцжээ. Баянхонгорчууд барилгын салбараасаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар 6, Гавьяат барилгачин 8-ыг төрүүлсэн агуу хөдөлмөрч,   бүтээлч ард  түмэн гэдгийг баярын индэрээс та бүхэндээ хэлэхэд бахархалтай байна.  Хөдөлмөрийн баатар Б.Дамчаа, Хөдөлмөрийн баатар Г.Очирбат, Хөдөлмөрийн баатар Б.Дорж, Хөдөлмөрийн баатар Ж.Ишгэнхүү, Хөдөлмөрийн баатар Ж.Чулуунбаатар, Хөдөлмөрийн баатар Г.Очирбат нарын ахмадуудаа энэ индрээс алдаршуулан нэрлэхэд таатай байна. Гавьяат барилгачин  Б.Хорлоо, Гавьяат барилгачин  С.Дамдинсүрэн, Гавьяат барилгачин   Б.Чулуунбат, Гавьяат барилгачин   Л.Төмөрбаатар, Гавьяат барилгачин   Х.Дашдэлэг, Гавьяат барилгачин   Д.Жадамбаа, Гавьяат барилгачин  Ш.Хүрэлтогоо , Гавьяат барилгачин   Б.Искра нараа мөн та бүхнийхээ өмнө алдаршуулан нэрлэхэд бахархалтай байна.  

Эдгээр эрхэм хүмүүсийн залгамж болж Баянхонгорт маань олон сайн барилгын компани төрөн гарч,шинэ үеийн барилгачид Баянхонгор аймгийнхаа өнцөг булан бүрт Монгол Улсын стандарт хангасан, орчин цагийн хэрэгцээнд нийцсэн барилга байгууламжийг сүндэрлүүлж, ард иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархалтай ханддагаа та бүхэндээ илэрхийлж, баяр хүргэе" гэлээ.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр Дулааны цахилгаан станцын барилга, Баянхонгор сумын орон сууцны хуучин барилгуудыг буулгаж, шинээр барих, аймгийн хэмжээнд 1000-аас доошгүй өрхийг орон сууцаар хангах, шаардлагатай сумдад нутгийн удирдлагын ордон, багийн төвүүдийг шинээр барих, аймгийн төрийн архивд аюулгүй байдлын баталгаа бүхий зориулалтын тусгай байр барих ажлууд тусч эдгээр ажлууд эхнээсээ хэрэгжиж, барилгачдын хөлс хүчээр сүндэрлэж эхлээд байна.

Нөгөө талаар аймаг орон нутгаас орон нутгийн чанартай барилгын ажлуудыг өөрийн аймгийн ААН, компаниудад өгөх, тэднийг дэмжиж  давуу эрхтэйгээр оруулж, буух эзэнтэй буцах хаягтай байх зарчмыг баримталж ажиллах болсон. Энэ нь орон нутгийн барилгын компаниа чадавхижуулах, тэдний ард байгаа олон арван барилгачин, тэдний ар гэрт оруулж буй хөрөнгө оруулалт болж байна хэмээн барилгачид хэлж байв.

Баянхонгор аймагт барилгын салбарт онд Баянбулаг, Баянцагаан сум, Шаргалжуут тосгонд шинээр эмнэлгийн барилга, хоёр, долдугаар багийн багийн төв, 200 хүүхдийн зургадугаар цэцэрлэг, зэрэг шинэ барилгын ашиглалтад өгчээ. Төрийн албан хаагчийн 60 айлын орон сууцны барилга, Баян-Ойт цэцэрлэгийн өргөтгөлийн ажлууд эд өрнөж байна. Барилгын засварын хүрээнд аймгийн төвд л гэхэд хуучны 11 орон сууцны барилгын засварын ажлыг, сумдад 20 гаруй барилгад их засварын ажлыг хийжээ.

Ирэх 2018 онд хуримын ордны барилгаа сүндэрлүүлэх гэж байна. Музейн шинэ барилгатай болно. Дулааны цахилгааны барьж ашиглалтад өгнө. Аймгийн төвийн тавдугаар сургууль, дөрөвдүгээр багийн төвийн спорт зал, сумдын соёлын төв, спорт цогцолборын барилга  зэргийг шинээр барьж, ашиглалтад оруулна.

Баянхонгор аймагт барилгын салбар үүссэн цаг үеийг сөхөж үзвэл  Аймгийн намын хороо АДХ-ны гүйцэтгэх захиргааны 1957  онд аймгийн төвийн артелийн харьяанд  100-гаад ажилчинтай хөдөөгийн барилгын тусгай тасгийг анх удаа байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Баянхонгор аймгийн Барилгын байгууллагын он цагийн хүрд эргэж эхэлжээ.

Барилгын байгууллага үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 1000 гаруй том жижиг байгууламж  ашиглалтад өгчээ.

НИЙТЭЛСЭН: 2017-07-27 12:40:54