ШАРГАЛЖУУТ 8-Р БАГИЙН 75 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Улсын төсвийн нэг тэрбум 29 сая төгрөгnay хөрөнгө оруулалтаар Баянхонгор сумын Шаргалжуут наймдугаар багт 75 хүүхдийн цэцэрлэгийг "Очир заан" ХХК барьж, өнгөрөгч оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн юм.

Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлт болж Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын бие төлөөлөгч н.Цэнд нарын албаны төлөөлөл оролцлоо.

Тэд цэцэрлэгийн хамт олонд ажлын амжилт хүсээд аймгийн ЗДТГ-аас иж бүрэн компьютер, Баянхонгор сумын ЗДТГ 500 мянган төгрөгийн хандивыг цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулан хандивласан бол УИХ-ын гишүүний бие төлөөлөгч УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас тодорхой дэмжлэг үзүүлж ажиллах болсоныг дуулгалаа.

Өнгөрсөн онд УИХ-ын долдугаар тойрогт Богд, Шинэжинст, Шаргалжуут тосгонд тус бүр шинээр цэцэрлэг баригдаж, эхнээсээ сургалт хүмүүжлийн ажлаа шинэ байрандаа явуулж эхлээд байна.

Шаргалжуут тосгонд цэцэрлэгийн насны 159 хүүхэд байдаг. Үндсэн бүлгээр болон хамран сургалтаар тосгоны нийт хүүхдийг СӨБ-д хамруулж чаджээ.

Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан 50 хүүхдийн цэцэрлэгийн байранд Төрийн болон ХААН банк үйл ажиллагаагаа явуулах болжээ.

 

 

 
НИЙТЭЛСЭН: 2018-01-29 11:00:00