Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний хүрээнд авсан арга хэмжээ

2015 оны 12 дугаар сарын 01 Номгон
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсан эрсдэлд суурилсан нийт 450 хяналт шалгалтаас 404 объектод төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, төлөвлөгөөний биелэлт 90 хувьтай байна. Эрсдэлийн үнэлгээ хийгдэж төлөвлөгдсөн обьектуудаас давхардсан тоогоор 46 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулаагүй тул хяналт шалгалтад хамрагдаагүй байна. Төлөвлөгөөт шалгалтад 404, төлөвлөгөөт бус хяналт шалгалтад 183, гүйцэтгэлийн хяналт шалгалтад 126 аж ахуй нэгж, байгууллага хамрагдсан байна.
Хяналт шалгалтад хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, албан хаагч, ажилтнуудад 159 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, төлөвлөгөөний биелэлт 92,4 хувьтай, холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэр, стандарт, дүрэм, журам болон хяналтын хуудсаар илэрсэн зөрчлүүд, түүний шалтгаан, тухайн байгууллагад ирээдүйд учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах талаар судалгаа шинжилгээний үндэслэлтэй зөвлөмж, мэдээллийг өгч ажилласан. Шалгалтаар нийт 9455 зөрчил илрүүлж, 7557 (80 хувь) зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан.
Тайлангийн хугацаанд нийт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 243 акт бичсэнээс үйл ажиллагааг бүр зогсоосон 15, түр зогсоосон 12, үйл ажиллагааг сэргээсэн 1, нөхөн төлбөр тогтоосон 20, шинжилгээний дээж авсан 134, устгасан 20, хураасан 41 актыг тус тус үйлдэж 94,7 хувийн биелэлттэй байна.
Хууль тогтоомжийн биелэлт хангалтгүй байгаа албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд 2031 заалт бүхий 232 албан шаардлага гаргаж, 87,5 хувийн биелэлттэй ажилласан байна. Нийт 16163,4 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоосноос 12163,4 мянган төгрөгийг барагдуулж, 4000,0 мянган төгрөгийн нөхөн төлбөр хүчингүй болсон байна. Тайлангийн хугацаанд 84269,0 мянган төгрөгний 240 торгууль, шийтгэвэр тогтоож, 58,7 хувийн барагдуулалттай байна. Нийт 329 дүгнэлт гаргаснаас үйл ажиллагааны 214, ажлын байрны 17, бүтээгдэхүүний 98 дүгнэлт үйлдэгдсэн. Хяналтын чиглэлээр байгууллагын сургалт 404, салбарын сургалт 26 зохион байгуулсан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 142 дугаар тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлж, газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23 тоот тушаалаар “Зөвлөгөө мэдээллийн төв байгуулан ажиллах журам”-ыг баталсан. Журмын дагуу байгууллагын дэргэд “Зөвлөгөө мэдээллийн төв”-ийг байгуулж, иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллаж байна. Байгууллагын вэб хуудсыг тогтмол ажиллуулж 91 төрлийн мэдээллийгwww.bkh.inspection.gov.mn болон фэйсбүүк хуудсанд байршуулж, 52 мэдээ, мэдээлэл, ярилцлагыг орон нутгийн телевизээр гаргаж, төвөөр дамжуулан үйлчилж байна. Тайлант хугацаанд 21 ном, гарын авлагыг боловсруулан, 84 төрлийн зөвлөмж, цаг үеийн шинжтэй 14 сэрэмжлүүлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан иргэдэд хүргэсэн байна.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН
ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН АХЛАХ
МЭРГЭЖИЛТЭН Д.ЭНХЖАРГАЛ

НИЙТЭЛСЭН: 2016-02-15 05:48:51